Баянхонгор аймгийн Баацагаан, Баянлиг, Баянговь, Баянцагаан сумдад олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болголоо. Эдгээр лицензүүдийг олгохдоо иргэдийн саналыг тусгалгүйгээр, тахилгатай, шүтлэгтэй уул ус, булаг шанд, гол усны эхэд олгож болохгүй гэж орон нутгийн иргэд, иргэдийн төлөөлөгчдийн хурал, сум, аймгийн засаг дарга нь эсэргүүцэж татгалзсан үндэслэл бүхий санал, хариу өгснийг үл тоож, үндсэндээ хуйвалдааны замаар зөвшөөрөл олгоод байсныг таслан зогсоосон гэж УИХ-ын дарга Г.Занданшатар тайлбарлав.
2023 онд Баянхонгор аймгийн 1796907,2 га талбайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Үүнээс Баацагаан сумын Ноён Богд ууланд 3432 га, Баянлиг, Баянговь сумын нутаг Шаварбулаг гэдэг газар 3778,2 га, Баянцагаан сумын Уртхашаатын худаг хэмээх газар 8136,5 га талбайд сонгон шалгаруулалт хийж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгоод байсныг түдгэлзүүлжээ.
Говийн бүс нутгийн хөрс эмзэг, худаг ус бол чандмань эрдэнэ билээ. Иймд дур зоргын, хууль зөрчсөн, хүчээр түрий барьсан ижил үйлдлүүдийг таслан зогсоох болон цаашид дахин давтагдахаас сэргийлэх зорилгоор УИХ-аас Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан байна. Төсөлд:
- Тусгай зөвшөөрөл авахын тулд нутгийн иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг хийж, зөвшөөрөл авсан байх, зөвшөөрөл нь сонгон шалгаруулалт явуулах гол үндэслэл болох,
- Тухайн сум, багийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас заавал зөвшөөрөл авах,
- Тусгай зөвшөөрөл буюу лиценз авах хүсэлт гаргахдаа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсэн байхаас гадна нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд нөлөөлөх нөлөөллийн үнэлгээг заавал хийлгэсэн байх,
- Зөвшөөрлөө аваад үйл ажиллагаа явуулж байгаа байдал, байгаль орчныг нөхөн сэргээх чиглэлээр хийж байгаа ажилд нь хяналт тавих төлөөлөгчийг иргэд дундаасаа сонгож ажиллуулдаг байх зэрэг заалтыг тусгажээ.