Нүүр хуудасНийтлэлБаярын ард үлдэх гашуун нулимс хүүхдийнх байх ёсгүй. . .

Баярын ард үлдэх гашуун нулимс хүүхдийнх байх ёсгүй. . .

Монгол үндэстний дунд томоохонд тооцогдох эрт дээр үеэсээ уламжлал баяр болгож, ач холбогдол өгч тэмдэглэж ирсэн “Цагаан сар”-ын баяр сайхан болж өнгөрлөө. Хөдөө орон нутгаас хот руу болон хотоос хөдөө орон нутаг руу золголт хийх хөл хөдөлгөөн их байлаа. Цагдаагийн газраас зохиомол түгжрэл үүсгэхээс сэргийлсэн олон зөвлөмжүүдийг цагаан сараас өмнө иргэдэд мэдээлсэн. Учир нь битүүний өдөр хагас ажиллаж, давхар гэрийнхээ баярын ширээнд идээ будаа авах хүмүүсийн тоо нэмэгддэг. Хөдөө орон нутаг ч гэлтгүй хот дотроо нэг айлаас нөгөөд очиход хэр хүндрэлтэй байсныг шинийн нэгний түгжрэлээр харж болно. Их хотын зам дээр өглөөнөөс орой хүртэл машин дотроо шинэлцгээсэн хүмүүсийн сураг ч байлаа. Настан буурлууд дээрээ эрт очдог хүмүүс маань цагтаа амжаагүй гэнэ шүү. Харин өнөөдөр шинийн долооны өдөр. Энэ хугацаанд цагдаагийн албан хаагч нар харин их завгүй ажиллажээ. Жишээ болгож сүүлийн гурван хоногийн буюу хоёрдугаар сарын 13-15-ны хоорондох дуудлагыг харахад эхний өдөр хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 159, маргааш нь 120, харин сүүлийн өдөр буюу өчигдөр 111 болж байна. Баярын өдрүүдээр архи согтууруулах ундаа хэрэглэх хүмүүс нэмэгдсэнээс ийм үр дүнд хүрсэн үү? Харин баяр хуучирч, айл хэсэх хүмүүсийн тоо цөөрч, ажил амьдрал жигдрэх үед дуудлагын тоо буурч буйг харж болно. Энэ нь архидан согтуурч, гэр орондоо танхайрах айл гэрийн асуудал нэмэгдсэн гэдгийн илрэл юм. Тэгвэл сүүлийн гурван өдөрт эрүүлжүүлүүлэхэд 119, дараа нь 157, сүүлийн өдөр 151 иргэн хоножээ. Энэ бол яалт ч үгүй иргэдийн дунд архидан согтуурах нь их байгаа үзүүлэлт юм. Эрүүлжүүлэхэд хонох хүмүүсийн тоо баярын өмнөхөөс тийм ч их ялгаа гарахгүй байна. Баярын өмнө хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн дуудлага бага байсан бол баярын дараа огцом нэмэгдсэн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон дуудлага гэвэл 62, 62, 45 гэсэн мэдээлэл цагдаагийн газраас олон нийтэд мэдээлсэн. Баярын өдрүүдэд айлаар ороход эхний хундага болгож архи өгөхөд татгалзахад шахах хүмүүс ч байна, ойлгох нэгэн ч байна. Олон жил машин барьсан ах, эгч нар бол ганц хундага уухад зүгээр гэж машин барьдаг дүү нараа шахчихна. Угтаа бол хүний бие архи, согтууруулах ундааг хэр хүлээж авахаас хамаарна. Харин зарим хүмүүс хулгайн зам зааж хүмүүсийг нэг сайн мунхруулна шүү дээ. Гэхдээ иргэдийн яриагаар энэ жил харин ч архи багатай жил хэмэн ам амандаа ярьцгаасан. Зарим айл огтоос цагаан архи хэрэглэхгүй айраг, цагаан идээгээр дагнасан бол зарим айлд үгүй бололтой. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийг хэн ч үйлдсэн бай эцсийн хохирогч нь хүүхэд болж үлддэг. Бие махбод болон сэтгэл зүйгээр бүүр цаашлаад өнчрөх хүртэл асуудал гарч болно. Архигүй баяр, мансуурах бодисгүй баярлая гэж маш олон уриалга гардаг ч баярын өдрүүдэд гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байсаар. . . 

Нийтлэлч: К

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН