Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнө нь өгсөн үүрэг даалгаврын биелэлт, “Хуванцрын хаягдалгүй Баянзүрх” танилцуулга, Шинээр томилогдож буй удирдах албан тушаалтнуудын танилцуулга, Хэсгийн байцаагчдын ажлын ачаалал, Цагдаагийн газраас энэ онд хийж хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээлэл, Онцгой байдлын хэлтсээс хийж хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаарх мэдээлэл зэрэг асуудлыг хэлэлцсэнээс гадна хүүхдийн чуулганд оролцож “Эрүүл мэндийн орчин дахь хүүхдийн эрх хамгаалал”, “Нийгэм, аюулгүй байдлын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал” сэдвийг хөндсөн сурагчдын илтгэлийг сонслоо. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан хүүхдүүдээс гаргаж буй саналыг цаашид бодит ажил болгоно гэдгээ хэллээ.
“Хуванцрын хаягдалгүй Баянзүрх” зорилтын хүрээнд “Ти Эм Эл Пластик” хуванцар дахин боловсруулах үйлдвэртэй хамтран ажиллахаар болсон. Мэдээлэл хүргэхэд жилд улсын хэмжээнд гарч буй хуванцар хаягдлын хэмжээ 20000 тонн байдаг бол тухайн үйлдвэр 27000 мянган тонныг боловсруулах хүчин чадалтай. Гэвч өнгөрсөн онд 3900 тонны худалдан авалт хийж байгальд 81 хувь нь булагджээ.
Тиймээс
– Анхны хуванцрын хаягдалгүй дүүрэг болох
– Баянзүрх дүүргийн байгууллага, иргэдийг хог хаягдлаа ангилах дадлыг хэвшүүлэх
– Төр болон хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааны томоохон жишиг болох
– Олон нийтийг уриалах, сурталчлан таниулах
зорилго дэвшүүлсэн бөгөөд цаашид эдгээр ажлыг хамтран хийж хэрэгжүүлнэ гэдгийг хэлсэн юм.
Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнөөр хэсгийн байцаагчийн ажил, ачаалал, үйл ажиллагааны талаар цагдаагийн газрын дарга П.Нэмэхбаатар мэдээлэл өгсөн. Хэсгийн байцаагч нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэх, гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулахад онцгой үүрэгтэй. Өдөртөө явган эргүүл, олон нийтийн цагдааг мэргэжил арга зүйгээр хангах, хамгаалалт зохицуулалт хийхээс гадна сургуулийн эргүүл хийх, хорооны хамтарсан багтай ажилладаг. Энэ бол өдрийн ажлын зураглалын нэгхэн хэсэг бөгөөд ачаалал өндөр байдаг. Тухайлбал дунджаар сард 180-220 цаг ажилладаг. Тиймээс дээрх нөхцөл байдлыг ойлгож, хамтран ажиллахыг хүслээ.
Мөн Баянзүрх дүүргийн онцгой байдлын хэлтсээс халиа дошин үүссэн хороодод хэрхэн ажилласан талаарх мэдээллийг танилцууллаа. Өнгөрсөн хугацаанд нийт 3 удаагийн халиа дошин болон үерийн эрсдэлтэй бүсэд буусан айл өрхөд мэдэгдэх хуудсыг хүргүүлж, зарим айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулсан. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх, өвөлжилтийн нөхцөл байдалтай холбоотойгоор бэлэн байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.