Цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо явуулын донорын өдөрлөгийг сард хоёр удаа зохион байгуулдаг. 2025 оны эхний өдөрлөг 23 дугаар хороонд болсон бол энэ удаад Дотоод хэргийн их сургуулийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургууль дээр явагдлаа.
Хүн нэг удаа цусаа өгснөөр 3 хүнд амьдрал бэлэглэх боломжтой байдаг. Мөн тухайн хүний эрүүл мэндэд тустай. Энэ ч үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн багш, сонсогч нар сайн дурын авлагагүй цусны донорын эгнээнд нэгдэж, цусаа бэлэглэсэн юм. Мөн Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос зохион байгуулж буй өдөрлөгт оролцож, бусдад амьдрал бэлэглэх эрхэм үйлст нэгдэхийг уриаллаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.