Нүүр хуудасМэдээBeatles хамтлагийн Японд хийсэн аялан тоглолтын түүхэн дүрс бичлэгийг анх удаа нийтэд...

Beatles хамтлагийн Японд хийсэн аялан тоглолтын түүхэн дүрс бичлэгийг анх удаа нийтэд ил болгожээ

Битлз хамтлагийн Японд хийсэн аялан тоглолтын 35 минутын урт дүрс бичлэг өчигдөр анх удаа олон нийтэд ил болжээ.

Дуугүй, хар цагаан энэ дүрсийг 1966 онд Британийн дөрвөл ганцхан удаа Японд зочлоход нь цагдаагийн албаныхан ажлын зорилгоор бичсэн юм байна.

Хачирхалтай нь дүрс бичлэг дээр Битлзийн дөрвөн гишүүнээс бусад бүх хүний царайг “бүдгэрүүлсэн” байгаа юм.

Энэ асуудлаас болоод бичлэгийг олон нийтэд үзүүлэх хугацаа дөрвөн жил хойшилж байжээ. Мэдээллийн эрх чөлөөг хамгаалагчид түүхэн чухал бичлэгийг ямар нэг цензургүй нийтлэхийг эрх баригчдаас шаардаж, Японы дээд шүүх хүртэл заргалдсан юм.

Гэвч дээд шүүх хувь хүний эрхийг хүндэтгэх шалтгаанаар Битлзийн гишүүдээс бусад бүх хүний царайг танигдахгүй болгох эцсийн шийдвэрийг 2018 онд гаргаж байв.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Японы хууль хүчнийхэн дүрс бичлэг дээр гардаг хүмүүсийн царайг бүдгэрүүлэх ажлыг гүйцэтгэжээ.

50 гаруй жил өнгөрөөд байхад хүмүүсийн царайг танигдахгүй болгосон нь Японы эрх баригчдын “хоцрогдсон, хаалттай сэтгэлгээ”-тэй холбоотой гэж тэмцлийг ахалсан хуульч Сатоши Шинкай ярьж байна.

“Дүрс бичлэг анх удаа олон нийтэд хүрч байна. Дэлхийн өнцөг булан бүрд амьдарч байгаа Битлзийн фэнүүд, судлаачдын анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна” гэж тэр мэдэгдэлдээ өгүүлжээ.

Битлз хамтлаг Японд ганцхан удаа аялахдаа таван удаа концерт зохион байгуулж байсан гэдэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН