Нүүр хуудасМэдээБНСУ-ын “Эс Би Эс” Студитэй хамтран ажиллахаар тохиролцлоо

БНСУ-ын “Эс Би Эс” Студитэй хамтран ажиллахаар тохиролцлоо

Бүгд Найрамдах Солонгос Улсад зохион байгуулагдах “Номхон далай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй төлөөлөгчид Сөүл хотод ажиллаж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.09.12) БНСУ-ын Эс Би Эс телевизийн Эс-Студид зочиллоо. Тус Студийн дэд ерөнхийлөгч Банг Мүүн Шин хүндэт зочдыг хүлээн авч уулзаж байгаад баяртай байгаагаа илэрхийлж, сүүлийн үеийн тоон үзүүлэлтээр манай хоёр улсын иргэд харилцан зорчих явдал нэмэгдсэн нь манай хоёр орны соёл урлаг, аялал жуулчлалын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл юм хэмээн уулзалтын эхэнд онцлов. Эс Би Эс Студи нь дотоодод төдийгүй гадаадын зах зээлд идэвхтэй байр суурь эзэлж, дэлхийн хэмжээний контент бүтээгч болох зорилт тавин ажиллаж байна. Бидний гадаад зах зээлд гаргасан хамгийн амжилттай бүтээл бол “Нэтфликс”-т байршуулсан “Кингдом”юм. Бидний хувьд Монгол Улсын өргөн уудам газар нутагт түүхэн бүтээл хийхэд хамгийн тохиромжтой гэж үздэг. Иймд Монголын контент бүтээгчтэй хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар халуун дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд Монгол Улсад кино бүтээх таатай орчныг бий болгох, кино урлагийг хөгжүүлэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Их Хурлаас Кино урлагийг дэмжих тухай хууль баталсан болохыг уулзалтын эхэнд тэмдэглэв. Тэрбээр, Монгол орны газар зүйг дөрвөн хэсэгт ангилж болно. Тодруулбал,баруун бүсэд өндөр уулс их байдаг бол хойд хэсэг нь Монголын Швейцарь буюу ой тайга, ус, мод цогцолсон сайхан газар нутагтай, харин зүүн хэсэгт өргөн уудам талтай бол өмнөд бүс нь говь, цөлтэй. Иймд нэг дороос дөрвөн үзэгдлийн зураг авалт хийх, контент бүтээхэд нэн тохиромжтой газарзүй юм. Та бүхэн кино үйлдвэрлэл, инновац, но-хау, технологиор баялаг контент бүтээгчид. Иймд та бүхний сайн туршлагыг хуваалцаж, түүх, байгаль, соёл урлагийг сурталчилсан хамтарсан контент бүтээх сонирхолтой байна. Бидний зүгээс хууль эрх зүйн бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна гэлээ.

Эс-Студийн Удирдлагын газрын захирал Ким Донг Хо хэлэхдээ, аливаа томоохон төсөл дээр хамтран ажиллахад судалгаа, төлөвлөлт, хөрөнгө оруулалт хийх шаардлага гардаг. Иймд эхний ээлжинд боловсон хүчин бэлдэх, өөрөөр хэлбэл контент бүтээгчдээ хамтран байгуулах шаардлагатай. Та бүхний зүгээс хүсэлт ирүүлбэл бид хамтран ажиллахад бэлэн гэлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уг асуудлыг ажил хэрэг болгох хүрээнд БНСУ дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар уламжлан албан хүсэлт хүргүүлэх санал гаргаж, Эс-Студийн хамт олныг Монголд зочлохыг урилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН