Нүүр хуудасМэдээБНХАУ баян, ядуугийн ялгааг хэрхэн арилгах вэ?

БНХАУ баян, ядуугийн ялгааг хэрхэн арилгах вэ?

Дэлхий даяар баян, ядуугийн ялгаа тэлсээр байна. Ялангуяа, КОВИД-19 цар тахал дэлхий даяар тархаж, дэлхийн эдийн засаг сайнгүй буй энэ үед баян, ядуугийн ялгаа улам бүр газар авч байна гэж олон улсын шинжээчид үзэж байна.

Харин манай Монгол Улсын урд хөрш БНХАУ баян, ядуугийн ялгааг арилгаж, “бүх нийтийн хөгжил цэцэглэлт”-ийг хөхиүлэн дэмжихэд ихээхэн анхаарал хандуулж буй юм.

Тус улсын дарга Ши Жиньпин бүх нийтээрээ хөгжин цэцэглэж, чинээлэг дундаж давхаргыг бий болгож, баялгийн ялгааг арилгахын тулд бүх нийтээрээ хүчин зүтгэхийг ард түмэн болон аж ахуйн нэгжүүддээ уриалсаар байна.

БНХАУ үгээгүй ядуурлын эсрэг тэмцэлд “түүхэн ялалт” байгуулсныг энэ оны эхээр дэлхий дахинд зарлан тунхагласан Ши Жиньпин дарга өдгөө баялгийн тэгш бус байдал буюу баян, ядуугийн ялгааг арилгах асуудалд анхаарлаа төвлөрүүлж, бүх нийтийн хөгжил цэцэглэлтэд хүрэх зорилтод хүрэхийн тулд 2035 он гэхэд “дорвитой алхам” хийж, 2050 он гэхэд энэ зорилтод “үндсэндээ хүрэх”-ээ мэдэгдсэн билээ.

“Common prosperity” буюу “бүх нийтийн хөгжил цэцэглэлт” гэж юу вэ?

“Бүх нийтийн хөгжил цэцэглэлт” гэдэг нь Хятад улсын хувьд ерөнхийдөө шинэ санаа биш юм.

Энэ санааны талаар 1950-аад оны үед тухайн үеийн ядуу буурай Хятад улсын удирдагч Мао Зэдун анх дурдаж байсан бол 1980-аад оны үед тус улсын өөрчлөлт, шинэчлэлийн бодлогын үндэс суурийг тавьсан Дэн Сяопин мөн ярьж байжээ.

Дэн Сяопин хэлэхдээ “Хүн амын зарим хэсэг болон бүс нутгуудад эхлээд ‘баяжих’ боломжийг олгох нь эдийн засгийн өсөлтийг хурдасгаж, бүх нийтээрээ хөгжин цэцэглэхэцсийн зорилгод хүрэхэд тустай” гэж байжээ.

“Хятадын онцлогтой социализм” бодлогын дор эдийн засгийн хувьд хүчирхэг гүрэн болоод буй БНХАУ нь хот, хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах, хүн амын дундах орлогын тэгш бус байдлыг арилгахыг ийнхүү эрмэлзэж байна.

Бүх нийтийн хөгжил цэцэглэлт”-д хэрхэн хүрэх вэ?

Өндөр чанартай хөгжилд хүрч, санхүүгийн томоохон эрсдлүүдээс зайлсхийхийн тулд бүх нийтийн хөгжил цэцэглэлтэд хүрэх хүчин чармайлтыг ахиулах нь нэн чухал болохыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин энэ оны наймдугаар сард Хятадын Коммунист Намын Төв хорооны Санхүү, эдийн засгийн асуудал эрхэлсэн төв комиссын 10 дугаар уулзалтын үеэр онцлон тэмдэглэж байв.

Энэ зорилтод хүрэхийн тулд орлого хуваарилах үндсэн институцийн зохицуулалтыг хийж, дундаж давхаргынхны тоог өргөжүүлж, бага орлоготой хүмүүсийн орлогыг нэмэгдүүлж, хэт их орлогыг тохируулж, хууль бусаар орлого ологчидтой хатуу тэмцэх аж.

Мөн хүний нөөцийн салбарт хүртээмжтэй хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар төрийн үндсэн үйлчилгээг илүү тэгш хүртээмжтэй болгож, ахмад настны асаргаа, эмнэлгийн аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал, орон сууцны хангамжийн тогтолцоог сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах гэнэ.

Мөн тус улсын чинээлэг иргэд болон өндөр орлоготой пүүс компаниуд “бүх нийтийн хөгжил цэцэглэлт”-д хүрэх зорилтыг дэмжин ажиллаж байна.

Тухайлбал, интернет, технологийн салбарт тэргүүлэгчид болох “Tencent” компани болон “Alibaba” групп ирэх таван жилийн хугацаанд энэ зорилтыг дэмжин тус бүр 100 тэрбум юань хандивлахаа мэдэгдээд байна.

Эдгээр компани нь шинжлэх ухааны судалгаа, боловрсол,  цэвэр эрчим хүч, технологи зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийж, жижиг компаниудыг дэмжих замаар “бүх нийтийн хөгжил цэцэглэлт”-д хүрэхэд хувь нэмрээ оруулах ажээ.

Өнгөрсөн онд дэлхийн хоёр дахь том эдийн засгийн ДНБ түүхэндээ анх удаа 100 их наяд юань давсан юм.

БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны мэдэгдсэнээр, дэлхийн хамгийн олон буюу 1.4 тэрбум хүн амтай тус улсад өдгөө чинээлэг дундаж давхаргад хамаарах 400 сая гаруй хүн бий.

Хятад улсын нэг хүнд ногдох ДНБ 1952 онд 100 ам.доллар хүрэхгүй байсан бол өнөөдөр энэ үзүүлэлт 10,000 ам.доллар даваад байгаа аж.

Тус улсын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны мэдэгдсэнээр, “бүх нийтийн хөгжил цэцэглэлт”-д хүрэх энэхүү зорилт нь дэлхийн бусад улс оронд ч ашиг тусаа өгч, олон боломжийг бий болгоно. Тухайлбал, ирэх таван жилд тус улсын импортын бараа бүтээгдэхүүний хэмжээ 10 их наяд ам.доллар, гадагшаа чиглэсэн шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 550 тэрбум ам.доллар давах төлөвтэй байна.

Г.Солонго

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН