Нүүр хуудасМэдээБНХАУ-ын ЭСЯ болон Хятад иргэдээс Монголын талд хандив гардууллаа

БНХАУ-ын ЭСЯ болон Хятад иргэдээс Монголын талд хандив гардууллаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, түүний ажилтнууд болон Монголд байнга оршин суудаг хятад иргэд болон “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс монголын талд COVID-19 өвчний эсрэг хийж буй тэмцэлд тусламж болгож нийт 126 сая 730 мянган төгрөгийн хандив гардуулах ёслолын ажиллагаа 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ГХЯ-ны Мутрын түшээ танхимд болов.

Ёслолын ажиллагаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Онцгой комиссын гишүүн, МУЗН-ийн Ерөнхий нарийн дарга Н.Болормаа болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй тэргүүтэй БНХАУ-ын ЭСЯ-ны ажилтнууд оролцов.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Цай Вэньрүй хэлсэн үгэндээ, “Айл улсын амь нэг” гэсэн зүйр үг байдаг. Монгол Улсын төр засаг, аж ахуйн нэгж байгууллагууд болон ард иргэд БНХАУ, Хятадын ард түмнийг хүнд хэцүү үед эв санааны нэгдлээ илэрхийлэн хандив тусламжийн аян өрнүүлж, мөнгөн тусламж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлсэнд Хятадын төр засаг, ард түмэн маш их талархан хүлээж авсан билээ. Энэ удаад БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон ажилтнууд, түүний ар гэрийнхэн, Монголд байнга оршин суудаг хятад иргэд, “Хятад иргэдийн нийгэмлэг”-ээс энэ сайхан сэтгэлийн хариу болгож мөнгөн тусламж хандив цуглуулан монголын талд гардуулан өгч байна гэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Монголын ард түмэн өнгөрсөн хугацаанд энэ хүнд бэрх тэмцлийн туршид БНХАУ, Хятадын ард түмэнтэй хамт байж, чин сэтгэлийн тусламж дэмжлэг үзүүлж ирсэн бол өнөөдөр бид хятад нөхдөөсөө хариу хандив тусламж хүлээн авч байна. Миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайдын хувьд Монголын төр засаг, Монголын ард түмнийг төлөөлөн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна гэв.

Эх сурвалж: ГХЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН