Нүүр хуудасМэдээБогд ууланд хаус хороолол барихыг зогсоохгүй бол ан амьтан тархан байршиж чадахгүй,...

Богд ууланд хаус хороолол барихыг зогсоохгүй бол ан амьтан тархан байршиж чадахгүй, нийслэлчүүд зорчих боломжгүй болно

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос байгуулагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр (2022.02.12) ажлын дэд хэсгийн гишүүдийн хамт Богдхан уулын дархан цаазат газрын газар ашиглалтын нөхцөл байдалтай чиг үүргийн хүрээнд танилцлаа. Мөн тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрийн мэдээлэл, судалгаанд үндэслэн холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, байгууллагууд мэдээллээ солилцон, тодрууллаа.

Ажлын хэсэг тусгай хамгаалалттай газар нутгуудад явж ажилласнаар тусгай хамгаалалттай газар нутгуудын хамгаалалтын байдал, цаашид анхаарах ёстой асуудлыг илүү тодорхой болгон, санал, дүгнэлтдээ тусгаж, Байнгын хорооноос нэгдсэн шийдвэр гарган Засгийн газар хийгээд холбогдох байгууллагуудад чиглэл өгөх зорилготой ажиллаж байна.  Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм.

  Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Тусгай хамгаалалттай газар нутгуудын өнөөгийн байдлын мэдээлэлд дүгнэлт хийхэд, газар дээр нь явж үзэхэд ч анхаарах асуудлууд байна. Энэ хүрээнд эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Үндсэн хууль хийгээд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуульд нийцүүлж сайжруулна.

    Улсын хэмжээний тусгай хамгаалалттай газар нутгуудаас Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт газар ашиглах гэрчилгээ олгож, эдгээрт ашиглах гэрчилгээ олгосон газар нутгийн хэмжээ нийт газрын харилцаа үүссэн газар нутгийн 97 хувийг эзэлж байна. Тиймээс эдгээр газруудад дахин ашиглах гэрчилгээ өгч, хүрээг нь тэлэхгүй байхад онцгой анхаарах ёстой. Одоо эрүүл байгаа газрыг хамгаалалтын бүс рүү оруулж, хамгаалагдах газрын хэмжээг тэлэн, аль болохоор унаган байдлыг хадгалахад гол анхаарлаа хандуулна. Тулгамдсан эдгээр асуудлыг зөв харж, шийдэх талаас ажлын хэсэг санал, дүгнэлтээ гаргаж, шийдвэрлэх талаас ажиллана” хэмээн ярив.

Ажлын хэсэг Богдхан уулын дархан цаазат газарт хамаарах Богдхан уулын Нүхтийн ам, Жаргалантын ам, Тайны ам, Түргэний ам, Ташгайн амуудад очиж нөхцөл байдалтай танилцсан. Энэ үеэр Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Пүрэвжав дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах гэрчилгээ олгож, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэдэг ч хаус хороолол барьж худалддаг болон хамгаалалтын бүсийг өөрчилдөг байдлыг бүрмөсөн зогсоохгүй бол ан амьтан тархан байршиж чадахгүй, Богдхан ууланд нийслэлчүүд зорчих боломжгүй болно хэмээж байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН