“Орчны бохирдлыг бууруулах нийгмийн хариуцлагын хамтын гэрээ”-нд гарын үсэг зурах арга хэмжээ өнөөдөр /2025.02.17/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хурлын танхимд боллоо.
Арга хэмжээнд БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан болон аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцов.
БОУАӨ-ийн сайд, Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны дарга С.Одонтуяа арга хэмжээг нээж, “УИХ, Засгийн газраас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авч байна. Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн нэг яам, нэг салбар, нэг байгууллагын асуудал биш.
Тиймээс Засгийн газраас төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн тусламж дэмжлэгээр агаарын бохирдлыг бууруулах уриалгыг дэвшүүлсэн” гэдгийг хэлж, энэ уриалгыг хүлээн авч, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхээр ирсэн анхдагч аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлэв.
Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэхээр хуульд тусгасан. Энэ хуулийн хүрээнд доорх аж ахуйн нэгжүүд 500 саяас 5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр өнөөдөр гэрээ байгууллаа.