Дэлхийн байгаль хамгаалын чуулган Абу Даби хотод 10 сарын 09-15-ны өдрүүдэд болж, олон улсын байгаль орчны салбарынхан асуудлаа хэлэлцсэн юм. Салбарын бүхий л асуудлаа нэгдэн чуулж хэлэлцдэг энэ хурал, үндсэн хуралдаанаас гадна салбар хуралдаануудаар дамжуулан улс хоорондын асуудлаа ярилцдаг онцлогтой.
Тэгвэл “Риогийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд өөрчлөлтийн онолыг ашиглах нь: 2030 он хүртэлх хэрэгжилтийг эрчимжүүлэх нь” сэдэвт өндөр түвшний хэлэлцүүлэгт сайд Б.Батбаатар панелистаар оролцож, салбарын бодлогоо танилцууллаа.

“Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC3.0)” зорилтоо 9 дүгээр сард шинэчлэн баталсан ба “Биологийн олон янз байдлын стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө” (NBSAP)-г тун удахгүй Засгийн газрын хуралдаанаар батлуулахаар төлөвлөж буйг хэлэв.
Түүнчлэн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд Монгол Улсын танилцуулахаар төлөвлөж буй шинэлэг санаачилгууд “Алсын хараа–2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой нягт уялдсан бөгөөд тогтвортой газар ашиглалт, нөхөн сэргээлт, байгальд суурилсан шийдлүүдийг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгож буйг онцолж, газрын нөхөн сэргээлт нь Тогтвортой хөгжлийн зорилго (SDG 2030)-ыг хэрэгжүүлэх гол хөшүүрэг хэмээсэн юм.

Энэхүү өндөр түвшний арга хэмжээг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN)-ны Ерөнхий захирал Гретел Агуйлар чиглүүлж, Монгол Улсын БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар, НҮБ-ын Биологийн олон янз байдлын тухай конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Астрид Шомакер, Вилларс хүрээлэнгийн ТУЗ-ын дарга Жулиа Мартон Лефевр нар панелистаар оролцсон юм.
