НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулган Найроби хотод үргэлжилж байна.
Энэ удаагийн ассамблейн болон дагалдах арга хэмжээний үеэр хөндөж буй нэг гол чиглэл нь олон улсын түншлэл, шинжлэх ухааны ололт, уугуул иргэдийн уламжлалт мэдлэгийг нэгтгэж, хүлэрт намаг зэрэг эмзэг экосистемийг хамгаалах арга замыг тодорхойлох явдал болж байна.
“Уур амьсгалын тогтвортой байдалд шинжлэх ухаан, уугуул мэдлэгийг ашиглах нь” дагалдах арга хэмжээний үеэр Монгол Улсын хүлэрт намаг хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй сайн туршлагыг Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга танилцууллаа.

Хүлэрт намаг нь Монгол Улсын нийт газар нутгийн 2 орчим хувийг эзэлдэг бөгөөд гол мөрний эхийг тэтгэх, хөрсийг доройтлоос хамгаалах, бэлчээрийн экосистем болон уламжлалт мал аж ахуйг тогтвортой хадгалахад онцгой ач холбогдолтой. Гэвч манай орны нийт хүлэрт газрын 50 хувь нь ямар нэг хэмжээгээр доройтсон нь судалгаагаар тогтоогдсон.
“Монгол орны хүлэрт газрын менежмент, бэлчээрийн экосистем болон малчдын амьжиргааны дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх” төслийг Даян Дэлхийн Байгаль Орчны Сан (GEF)-гийн санхүүжилтээр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр (UNEP) болон Олон Улсын Цаатны төв (ICR)-тэй хамтран хэрэгжиж байна.





