Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Говь-Алтай аймаг "Говийн зургаан гайхамшиг"-ийн өлгий нутаг

БОУАӨЯ: Говь-Алтай аймаг “Говийн зургаан гайхамшиг”-ийн өлгий нутаг

Говь-Алтай аймгийн нутагт дээрх ховор, нэн ховор амьтад болох монгол оронд нутагшиж буй тахийн 30 гаруй хувь, мазаалай баавгайн 90 хувь, хавтгай тэмээний 80 хувь, монгол бөхөнгийн 80 гаруй хувь оршин амьдардагийн зэрэгцээ хулан, хар сүүлт зээрийн нилээдгүй тархац нутаг хамрагддаг нь говь, цөл тал хээр, цөлийн бүсийн чухал зангилаа, “Говийн гайхамшигт 6” амьтад бүгд байдаг цор ганц аймаг юм.

Тиймээс говийн экосистемийг хамгаалах “Говийн гайхамшигт 6 буюу Great Gobi 6“ гэсэн нэрийг монголын брэнд болгон дэлхийд таниулах ажлыг санаачлан эхлүүлсэн.

“Говийн гайхамшигт 6”-д Монгол орны говийн экосистемийн гол төлөөлөгч хавтгай, хулан, мазаалай, тахь, хар сүүлтий, бөхөн зэрэг амьтан орно. “Говийн гайхамшигт 6” амьтнаар дамжуулан говь нутгийн экосистемийн хамгаалалд талуудыг татан оролцуулж, цаашид үйл ажиллагааг нэгтгэх нь уг арга хэмжээний гол зорилго байдаг.

Говийн зургаан амьтан тус бүрдээ экосистемдээ гүйцэтгэх үүрэгтэй. Тухайлбал, хулан хатаж ширгэсэн хуурай сайрыг ухаж ус гарган бусад амьтдыг ундаалдаг учир хулангийн цавчаал гэж нэрлэжээ. Арьс, махыг нь худалдах зорилгоор хууль бус ан мэр сэр гардаг. Мөн уул уурхайн, зам тээвэр дэд бүтэц бусад үйл ажиллагааны улмаас хулангийн амьдрах орчин хуваагдаж, өөр нутаг руу дайжих болжээ.

Дэлхийд өөр хаана ч байхгүй, ганцхан Монголд бөхөн энэ зүйл оршсоор байна гэдэг нь говь цөлийн бүс нутгийн үзэсгэлэнт байгаль экологийн тэнцвэртэй байгаагийн баталгаа юм. Сүүлийн жилүүдэд Монгол бөхөнгийн тоо толгой цөөрч байгаа нь бэлчээр, усны нөөц хомстож байгаагийн илрэл хэмээн судлаачид хэлж байв. Монгол бөхөнд заналхийлж буй аюул нь мөн л хууль бус агнуур, халдварт өвчний эрсдэл юм.

Монгол бөхөн сүрэглэж бөөнөөр явдаг нь бэлчээрийн ургамлыг эргэлтэд оруулан хөрсийг сийрэгжүүлж, хорголоороо говь цөлийн хөрсийг борддог ач тустай амьтан юм.

Хар сүүлтийг үзэсгэлэнт гэж тодотгосон нь мөн л учиртай. Бусад амьтдаа бодвол хамгийн үзэсгэлэнтэй учир ийм гоёмсог нэртэй болжээ. Ү зэсгэлэнт хар сүүлтийд хууль бус ан мөн л заналхийлнэ. Хамгийн их хууль бус агнуурт өртдөг байна. Говийн зургааг таниулах арга хэмжээнд дээрх зургаан амьтныг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллага, БОУАӨЯ, Баянхонгор, Завхан, Говь-Алтай, Ховд, Өмнөговь аймгийн холбогдох албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачид, орон нутгийн иргэд оролцон хэлэлцүүлэг өрнүүлж, 2016-2017 онуудад Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Говь-Алтай аймгийн санаачилгаар 2016 онд Монгол оронд анх удаа зохион байгуулж, “Тахийн талын тунхаг бичиг”, болон “Баянтооройн тунхаг бичиг”-ийг I, II дугаар уулзалтуудаараа гаргасан билээ.

Говийн экосистемийн төлөөлөл болох хулан, тахь, хавтгай, бөхөн, мазаалай, хар сүүлтий гэсэн зургаан ховор амьтныг цогцоор нь хамгаалах зорилготойгоор “Говийн гайхамшигт-6” саанаачлагын гол утга учир нь дээрх 6 амьтныг төлөөлөл болгон хамгаалснаар говийн эмзэг эко системийн газар доорх болон дээрх бусад баялагийн нөөцийн хамгааллын цогц бүрэлдэх төдийгүй дэлхийд өөр хаана ч байхгүй унаган зүйл амьтдаар дамжуулан аялал жуулчлал, олон улсын төсөл хөтөлбөрүүдийг татах судалгааны томоохон суурь бааз байгуулах томоохон зорилт зорилгуудыг агуулж байгаагаараа онцлог юм.

Дээрх аймгуудаас ялгаатай нь Говь-Алтай аймаг нь уулсын хооронд болон баруун өмнөд хэсгээр Шарга, Бигэр, Хүйс, Зүүн гар, Цэнхэр номин зэрэг томоохон говийн эмзэг экосистем бүхий байгалийн өвөрмөц тогтоц бүхий нутагт Монголд төдийгүй дэлхийд ховордсон мазаалай баавгай, тахь адуу, монгол бөхөн, хавтгай тэмээ, хулан адуу, хар сүүлт зээр зэрэг амьтдын цөм нутаг оршдог онцлог аймаг юм.

Сүүлийн жилүүдэд аймгийн хэмжээнд байгаль амьтан хамгаалах чиглэлээр томоохон төсөл хөтөлбөр, арга хэмжээнүүд хэрэгжиж, үр дүнгээ өгсөөр байна.

Тухайлбал: Мазаалай хамгаалах төсөл, Хавтгай хамгаалах төсөл, Монгол бөхөн, Тахь сэргэн нутагшуулах төслүүдийг дурдаж болно.

Дээрх төслүүд нь зөвхөн тухайн амьтандаа зориулагдах бус орон нутгийн иргэдэд тулгуурласан хамгааллын систем, тэдний амжиргааг дэмжих үйл ажиллагааг хослуулан хэрэгжүүлж байдгаараа ач холбогдолтой юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН