Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдрийг тэмдэглэлээ

БОУАӨЯ: Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдрийг тэмдэглэлээ

Жил бүрийн энэ өдрийг манай гараг даяар “Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.

Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол нь 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр анх 24 орон гарын үсэг зурсанаар хүчин төгөлдөр болж, НҮБ-аас тухайн өдрийг “Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр” болгон тунхаглан, жил бүрийн энэ өдрийг тухайн үед тулгамдаж байгаа сэдвийн доор тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ жил Дэлхийн Озоны өдрийг “Уур амьсгалын өөрчлөлтийг зөөлрүүлэх, озоны давхаргаа хамгаалах Монреалийн протоколын үйл хэргийг дэмжиж байна” уриатайгаар тэмдэглэж байна.

Учир нь Хойд туйл буюу Арктикт зуны улирал нь зургадугаар сарын дунд үеэс наймдугаар сарын дунд үе хүртэл үргэлжилдэг бөгөөд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан бараг 7 – 8 жилийн дараа 2030 оны орчимд Арктик зундаа ямар ч мөсгүй болохыг эрдэмтэд анхааруулж байгаа. Ингэснээр Дэлхийн далайн түвшин дээшилж нам доор нутагт орших улс орнууд усанд автах аюул занал ойрхон болоод байна. Харин далайгаас алслагдсан Монгол Улс гэх зэрэг улс орнууд, газар нутгуудад ган болох давтагдал нэмэгдэж, биомасс багасаж, ургац буурах, улмаар хүнсний хомсдол учрах цаг ойртсоор байна.

Ийм учраас хүлэмжийн хийг өөртөө агуулсан хөргөлт-агааржуулалтын бодисыг хэрэглээнээс халах нь дэлхийн дулаарлыг сааруулах буюу Арктикийн мөсгүй зуныг ядаж 15 жилээр хойшлуулахад тус дөхөм үзүүлэх учиртай .

2016 онд Африкийн Рванда улсын нийслэл Кигали хотноо хуралдсан Монреалийн протоколын Талуудын ээлжит 28 дугаар бага хурлаар тус протколд нэмэлт өөрчлөлт оруулж, түүнийг “Кигалийн нэмэлт, өөрчлөлт” хэмээн нэрлэж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааг илүү эрчимжүүлэхээр хөргөлт-агааржуулалтын тоног төхөөрөмжид төрөл бүрийн салбарт ашиглаж байгаа Дэлхийн дулааралд нөлөөтэй гидрофтор нүүрстөрөгчийн (ГФН) төрлийн бодисын үйлдвэрлэл, хэрэглээг үе шаттай бууруулахаар Дэлхийн бүх улс орнуудад хатуу бөгөөд нарийн хугацаатай үүрэг хүлээлгэсэн болно. Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд нэгдэн орох хуулийг баталж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ Дэлхийн бүх улс орнууд хэрэгжүүлж чадвал 2100 он гэхэд манай Дэлхий гараг 0.5 хэм хүртэл дулаарахаас зайлсхийх боломж бүрдэх юм.

Хөргөлт-агааржуулалтын тоног төхөөрөмж дэлхийн дахинаа нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 20 хувийг эзэлдэг бөгөөд 2050 он гэхэд энэ хэмжээ бас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Эрчим хүчний хэмнэлттэй хөргөлт-агааржуулалтын тоног төхөөрөмжид шилжихийн зэрэгцээ Кигалийн нэмэлт, өөрчлөлтөөр хүлээсэн үүргээ хэрэгжүүлснээр эрчим хүчний хэмнэлтийг хоёр дахин сайжруулах боломжтой.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйл ажиллагааг үр дүнтэйгээр хурдан сайжруулах ажил аль хэдийн эхэлсэн бөгөөд Олон улсын гэрээний Тал-Улс орнуудын 80 хувь нь ГФН төрлийн бодисыг үйлдвэрлэдэг гол үйлдвэрлэгчид болох АНУ, Хятад, Энэтхэг зэрэг улс орнууд Кигалийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан ба хөгжингүй орнууд 2019 оноос эхлэсэн бол хөгжиж буй олон орон 2024 оноос эхлэн бууруулах хуваарийг хэрэгжүүлж эхлээд байна.

Бид дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдрөөр өнөөг хүртэл олсон ололт, амжилтаа дүгнэж нэгтээд зогсохгүй Монреалийн протоколоор дамжуулан эх Дэлхийгээ хамгаалах үйлсэд илүү хурдан үр дүн гаргахын төлөө ирээдүйгээ сайнаар харж байна. Дэлхий гарагийнхаа озоны үе давхаргыг хамгаалах нэг чухал алхам бол “хүмүүн- уур амьсгал- гараг Дэлхий” маань нэгдмэл байх хүсэл зорилго юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН