Даян дэлхийн ногоон хөгжлийн институт нь 2012 онд Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-ын Тогтвортой хөгжлийн бага хурлын үеэр олон улсын, засгийн газар хоорондын байгууллага хэлбэрээр үүсгэн байгуулагдсан ба гишүүн орнууддаа Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтууд болон Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх болоод эдийн засгийг ногооруулах, ядуурлыг бууруулах, нийгмийн оролцоо, байгаль орчны тогтвортой байдал болон өсөлтийг нэгэн зэрэг хангах ногоон хөгжлийн загварт шилжүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Ингэхдээ ногоон хөгжлийн шинэлэг шийдлүүдийг боловсруулах, техникийн дэмжлэг үзүүлэх, чадавх бэхжүүлэх, бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг хангах, ногоон хөрөнгө оруулалтын төслүүдийн боловсруулах, төслийн санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, мэдлэг хуваалцах зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлдэг ба нийт 48 гишүүн орон болон 22 гаруй түнш байгууллагын хамтаар 50 гаруй улсад төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
2024 оны 10-р сарын 16-ны өдөр БНСУ-ын Сөүл хотноо Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын зөвлөх, Уур амьсгалын өөрчлөлтийн Тусгай элч ноён П.Батхишиг болон Даян дэлхийн ногоон хөгжлийн институт (ДДНХИ)-ийн Гүйцэтгэх захирал Др. Франк Ризбэрмэн нар Ногоон хөгжлийн хамтын ажиллагааны тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа.
ДДНХИ нь Монгол Улсын Засгийн газартай 2013 оноос хойш ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байгаа ба санамж бичгийн хүрээнд талууд дараах байдлаар хамтын ажиллагааг өргөжүүлэхээр боллоо.
Үүнд:
– Үндэсний болон орон нутгийн түвшинд ногоон хөгжлийн төлөвлөлт, санхүүжилт, институцийн бүтцийг бэхжүүлэх замаар Монгол Улсын Алсын хараа 2050 бодлого, , Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх;
Тогтвортой хөгжлийн стратеги, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг бодит үйл хэрэг болгох, санхүүжилт татахуйц төсөл байдлаар хэрэгжүүлэхийн тулд төрийн болон хувийн хэвшлийн ногоон хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх;
Өмнөд, өмнөдийн хамтын ажиллагаа болон ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн талаар үндэслэл бүхий мэдлэг, мэдээлэл харилцан солилцох үйл ажиллагаанд идэвхтэй оролцох;
Төр, хувийн хэвшлийн түншлэлд ногоон хөгжлийн онол, практикийг түгээн дэлгэрүүлэх бодлогын манлайллыг нэмэгдүүлэх зэрэг болно.
Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үеэр Сайдын зөвлөх П.Батхишиг “Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ДДНХИ-тэй хамтран Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн зорилтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг бэхжүүлэх, тогтвортой санхүүжилт болон шинэлэг төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж байгаад баяртай байна” хэмээн дурьдав.
ДДНХИ-ийн Гүйцэтгэх захирал Др. Франк Ризбэрмэн “ДДНХИ Монгол Улсад сүүлийн 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий байдлыг бууруулах чиглэлд 100 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлсэн” хэмээн онцлов.