НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улсад 2026 оны наймдугаар сарын 17-28-нд зохион байгуулна. Дэлхийн 190 гаруй орны 10 мянга орчим төлөөлөгч оролцох тус хурлын үеэр цөлжилт, газрын доройтол, ган гачиг, бэлчээр зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй байгаль орчны асуудал, сорилт, тэдгээрийг шийдэх арга замыг хэлэлцэх юм.
Монгол Улс COP17 бага хурлыг зохион байгуулснаар урт хугацааны бодлогын санаачилга танилцуулж, хөрөнгө босгох, байгаль орчны салбарын урт хугацааны чанартай төслүүдийг эхлүүлэх боломжтой болно.
Тухайлбал, Энэтхэг Улс 26 сая га газрыг нөхөн сэргээх төсөл эхлүүлж, 1.5 тэрбум ам.долларын, хөрөнгө оруулалт татсан байдаг. 2022 онд Кот д’Ивуар Улс Африк тивийг ногооруулах замаар цөлжилттэй тэмцэх бүсийн санаачилгыг “Африкийн Ногоон бүс” нэртэйгээр хэрэгжүүлж 2.5 тэрбум ам.долларыг татаж чаджээ. Харин 2024 онд Саудын Арабын Хаант Улс “Ганд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх түншлэл”-ийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр санаачлан 12.15 тэрбум ам.долларын амлалтыг баталгаажуулсан байна.
Монгол Улс 2026 оны бага хуралд “Газар-Ус-Мод” томьёоллын хүрээнд тодорхой санаачилгуудыг танилцуулахаар боловсруулж, 1-1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар Бага хурлыг зохион байгуулснаар Монгол Улсын гадаад бодлогын манлайлал, нэр хүнд нэмэгдэн олон улсын анхаарлыг татах боломж бүрдэх юм.
Бага хурлын хүрээнд хоёр болон олон талт хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулах, үндэсний болон орон нутгийн санаачилгуудыг дэмжиж, төсөл хамтын ажиллагааг эхлүүлэх боломжтой.
Байгаль орчны асуудлууд болон тогтвортой хөгжлийн асуудлын ач холбогдлыг олон нийтэд таниулах боломж бүрдэхээс гадна Монгол Улсын эдийн засагт шууд болон шууд бусаар нөлөөлнө гэж үзэж буй.
Талуудын бага хуралд оролцогч гадаадын төлөөлөгчид Монголд байх бүхий л зардлаа өөрсдөө хариуцдаг бөгөөд хурлыг бизнес аялал жуулчлалын хэлбэрт тооцож, Улаанбаатар хотын зочид буудал, хоол хүнс, тээвэр, үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж, Монгол Улсын бизнес эрхлэгчдийг дэмжих юм.
Монгол Улс 2026 оны 8 дугаар сараас 2028 оныг дуустал тус конвенцыг даргалах тул бодлого, хөрөнгө оруулалт, түншлэлийг хөгжүүлэх, хэрэгжүүлэх, манлайлах бүрэн боломжтой байна. Түүнчлэн аливаа конвенцын талуудын бага хурлыг зохион байгуулагч Засгийн газар болон сонирхсон талууд санал, санаачилга танилцуулан батлуулах эрхтэй байдаг аж. Зөвхөн Монгол Улсад чиглэсэн хөрөнгө оруулалт, санхүүжилт татах нь дэлхийн эдийн засаг, хөрөнгийн урсгал болон олон улсын байдлаас үүдэн эрсдэл өндөртэй, хүлээлтэд хүрэхгүй байх магадлал өндөртэй тул бүс нутгийн болон олон улсын хэмжээнд санаачилга боловсруулах замаар үр ашиг хүртэх боломжтой байдаг. Иймээс өөрийн орны нөхцөл байдлыг харгалзан чанарт чиглэсэн, санхүүжилт татах болон хэрэгжилтийг хангах боломжтой гэж үзэн “STEPPE ACTION AGENDA” нэртэйгээр олон улсын урт хугацааны стратегид суурилсан 3 санаачилгын багцыг боловсруулжээ. Тодруулбал,
Бэлчээрийн тэргүүлэх санаачилга
Ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилга
Байгальд түшиглэсэн шийдэл бүхий дэд бүтцийн санаачилга тус тус багтаж байна.