Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: Оманы султант улс Монгол улсын байгаль орчны санаачлагуудыг дэмжин ажиллана

БОУАӨЯ: Оманы султант улс Монгол улсын байгаль орчны санаачлагуудыг дэмжин ажиллана

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар өнөөдөр /2025.12.09/ Оманы Султант Улсын Байгаль орчны сайд бөгөөд тус Ассамблейн Ерөнхийлөгч Абдуллах бин Али Ал Амритай уулзалт хийлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ган, цөлжилт, усны нөөцийн тогтвортой менежмент болон биологийн олон янз байдлын чиглэлд хоёр тал хамтын ажиллагаагаа дараагийн түвшинд гаргах бодлогын чиглэлүүдээ нарийвчлан тохиролцов. Монгол, Оманы Байгаль орчны яамд хооронд ойрын хугацаанд байгуулахаар бэлтгэсэн Санамж бичгийн бодит хэрэгжилтийг эртнээс ханган Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр олон улсад танилцуулахаар тогтлоо.

Сайд Б.Батбаатар “НҮБ-ын Байгаль орчны ассамблейн 7 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын төлөөлөгчид чуулганы үеэр хурцадмал байдлаар үргэлжилж буй хэлэлцээний явцад үр дүнд чиглэсэн дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэдгээ илэрхийллээ.

Оманы Султант Улсын Байгаль орчны сайд Абдуллах бин Али Ал Амри “Фижи Улсын Нади хотноо болсон Ази, номхон далайн байгаль орчны сайд нарын 6 дугаар форумын үеэр сайд тантай хийсэн уулзалт үр дүнтэй, онцлох уулзалт болсон. Энэ уулзалт хоёр орны байгаль орчны салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргасан. Манай улс COP-17-д өргөн бүрэлдэхүүнтэй оролцох төлөвлөгөөтэй байна. COP17-ийн үеэр Монголын Улсын дэвшүүлж буй Бэлчээр болон Усны асуудлаарх хоёр санаачлагыг дэмжиж ажиллана” гэлээ.

Үргэлжлүүлэн талууд хамтарсан төслүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх, тэр дундаа гандуу бүсийн нутгийн усны нөөцийн менежмент, экосистемийн нөхөн сэргээлт болон цөлжилттэй тэмцэх арга хэмжээний үр дүнг олон улсад танилцуулах зорилготой байгаагаа онцолсон юм.

Мөн UNEA-7 Ассамблейн үеэр буюу энэ долоо хоногийн пүрэв гарагт хоёр орны байгаль орчны салбарын өргөтгөсөн уулзалт хийхээр тохиролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН