2024 оны 11 сарын 14-ний өдөр Баки хотноо “Уур амьсгалын урт хугацааны санхүүжилт” Сайд нарийн түвшний дээд хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Хэлэлцүүлгээр хөгжингүй орнуудаас хөгжиж буй орнууд рүү чиглэсэн ‘жилд 100 тэрбум ам.доллар’-ын уур амьсгалын санхүүгийн амлалтын хэрэгжилтийн явц, цаашид түүнийг нэмэгдүүлж жилд 1.3 их наяд долларт хүргэж хөгжиж буй орнуудын үндэсний хэрэгцээ, шаардлагад нийцсэн уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, дасан зохицох арга хэмжээг цаг алдалгүй, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх, ил тод байдлыг хангах асуудлыг хэлэлцлээ.
Энэхүү дээд хэмжээний хэлэлцүүлэгт Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч П.Батхишиг оролцож, Монгол Улсын Засгийн газрын байр суурийг илэрхийлсэн. Тэрээр хэлсэн үгэндээ олон улсын уур амьсгалын санхүүжүүлтийг ахиулах нэгдсэн зорилгыг дэмжиж, улмаар богино хугацаанд үр дүнтэйгээр ажиллахад ‘санхүүжилтийн хэмжээ, олон төрлийн санхүүгийн хэрэгслүүдийг давсан өөр хүчин зүйлс шаардлагатай байна – бид улс орны, бүс нутаг, орон нутаг, бизнес, иргэн бүрийн нөхцөл байдлыг ойлгох чадвартай, эрх тэгш байдлыг хангах, мөн тэсвэртэй байж тууштай хоёргүй сэтгэлээр ажиллах цаг ирлээ’ хэмээн Парисын Хэлэлцээрт нэгдэн орсон 198 улс орнуудын Сайд, төлөөлөгчдийг уриаллаа.