Богдхан уулын дархан цаазат газарт үйлдэгдэж буй зөрчил шалтгаан нөхцөл, түүнд хүлээлгэх хариуцлага, тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах үйл ажиллагаа явуулах газар ашиглагчийн эрх үүрэг, анхаарах асуудлын талаар таниулах сургалтыг өнөөдөр /2025.11.07/ зохион байгууллаа.

Сургалт хэлэлцүүлэгт Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал Богдхан уулын дархан цаазат газрын өнөөгийн нөхцөл байдал, хууль эрхзүйн орчин, одоогийн мөрдөгдөж буй стандартын талаар оролцогчдод танилцуулга мэдээлэл хүргэв.

Уг сургалтад Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурорууд, БОУАӨЯ-ны ТХГНБГ-ын төлөөлөл, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны алба хаагчид, 110 орчим иргэн, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл, газар ашиглагчид оролцож тулгамдаад буй асуудал, тусгай хамгаалалттай газар нутагт гардаг нийтлэг зөрчил, цаашид баримталж буй бодлого үйл ажиллагааны талаар санал солилцож, хэлэлцэв.

Мөн энэ үеэр Нийслэлийн прокурорын газрын зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ч.Батбаяр, Хяналтын прокурор Б.Баярчимэг, Б.Бадамцэцэг, Н.Алтантүлхүүр нар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Горхи-Тэрэлжийн байгалын цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газруудын 30 гаруй албан хаагчид, Байгаль орчны хяналтын улсын байцаагч нарт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаар сургалтыг давхар явууллаа.





