Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: “Элбэг дулаан” ХХК түүхий нүүрсний хэрэглээгээ зогсоож, шингэрүүлсэн хийн түлшинд шилжлээ

БОУАӨЯ: “Элбэг дулаан” ХХК түүхий нүүрсний хэрэглээгээ зогсоож, шингэрүүлсэн хийн түлшинд шилжлээ

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга С.Даваасүрэн өнөөдөр /2025.09.10/ “Элбэг дулаан” ХХК-ийн хийн зуухны угсралтын явцтай газар дээр нь танилцлаа.

Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны 247 дугаар цэцэрлэг, 103 дугаар цэцэрлэг, 37 дугаар сургууль, 18 дугаар хорооны өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбороос гадна хувийн хэвшлийн барилгуудыг дулаанаар хангадаг “Элбэг дулаан” компани түүхий нүүрсний хэрэглээгээ зогсоож, шингэрүүлсэн хийн түлшинд шилжиж байна.

Тус компани БНХАУ-д үйлдвэрлэгдсэн 2800 кВт-ын хүчин чадалтай хийн түлшний хоёр зуухыг суурилуулж, угсралтын ажил 80 хувьтай үргэлжилж байна. Угсралтыг “Дашваанжил” ХХК гүйцэтгэж буй юм.

“Яндангаа буулгаж, жилийн 1250 тонн буюу 250-300 айлын хэрэглээтэй дүйцэх хэмжээний түүхий нүүрс хэрэглээг зогсоож байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмэр оруулж, 1250 тонн түүхий нүүрснээс ялгарах хорт утааг зогсоож буй нь 34 жил үйл ажиллагаа явуулж буй компанийн нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж буйн илрэл” гэдгийг “Элбэг дулаан” ХХК-ийн захирал Б.Бямбацогт илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Энэ дагуу 2025-2026 оны халаалтын улирлаас эхлэн нийслэлийн гэр хорооллын айл өрх болон сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг, хорооны цогцолборыг дулаанаар хангадаг уурын зуухнуудын түүхий нүүрсний хэрэглээг бүрэн зогсоож байна.

Улаанбаатар хотод 100 кВт-аас дээш хүчин чадалтай, төрийн болон хувийн хэвшлийн эзэмшлийн 174 халаалтын зуух үйл ажиллагаа явуулдаг. Энэ онд 12 байршлын 28 зуухыг шинэчилж, шингэрүүлсэн хийн түлшинд шилжүүлэх ажил ийнхүү үргэлжилж байна. Нийслэлийн 12 байршлын 28 зуухыг шинэчилж, хийн түлшинд шилжүүлснээр жилд 8000 орчим тонн буюу 2000 гаруй айл өрхийн хэрэглээтэй дүйцэх хэмжээний түүхий нүүрсний хэрэглээг зогсоох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН