Нүүр хуудасМэдээБОУАӨЯ: CITES буюу зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд...

БОУАӨЯ: CITES буюу зэрлэг амьтан, ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын талуудын 20 дугаар хурал (COP20) Самарканд хотод зохион байгуулагдаж байна

Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдааг зохицуулах тухай конвенц (CITES) нь 1973 оны 3-р сарын 3-нд батлагдаж, 1975 оны 7-р сарын 1-нд хүчин төгөлдөр болсон.

Уг конвенцод 184 орон нэгдэн орсон бөгөөд эдгээр улсууд зэрлэг амьтны хууль бус болон зохицуулалтгүй худалдааг багасгах, устаж болзошгүй зүйлийг хамгаалах үүрэг хүлээдэг. Конвенцын зорилго нь зэрлэг амьтан, ургамлын олон улсын худалдааг тогтвортой, хяналттай байлгах, ховордсон, устах аюултай зүйлийг хэт ашиглагдахаас хамгаалах, улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг бий болгож, хууль бус худалдааг бууруулах юм.

Энэ удаагийн талуудын 20 дугаар хурал нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо 2025 оны 11 дүгээр сарын 24-нөөс 12 дугаар сарын 5-ны өдрүүдэд үргэлжилж байна.

Талуудын бага хурал 50 жилийн түүхэн ойтой давхцаж анх удаа Төв Азийн орнуудаас Торгоны зам гэгдэх Узбекистан Улсын Самарканд хотод болж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн чуулган нь дэлхийн 180 гаруй улсуудыг нэгтгэн, зэрлэг ургамал, амьтны аймгийг хамгаалах чиглэлд гарсан ололт, тулгамдсан асуудлууд болон ирээдүйн шийдвэрүүдийг хэлэлцэх чухал боломжийг бүрдүүлж байна.

Хурлын үеэр CITES-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Ivonne Higuero мэндчилгээ дэвшүүлэн хууль бус зэрлэг амьтан, ургамлын худалдааг таслан зогсоох, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн ач холбогдлыг үнэлэн: “Соёл, худалдааны төв байсан Самарканд нь улс хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны бэлгэдэл, CITES-ийн үнэт зүйлсийн илэрхийлэл болж байна. Бид зэрлэг амьтан, ургамлын олон төрөл зүйлийг олон улсын худалдаанаас үүдэх аюулаас хамгаалж ирсэн хагас зуун жилийн уйгагүй хөдөлмөрийг үнэлж байна, энэ зарчим 1975 онд ямар чухал байсан шигээ өнөөдөр ч хэвээрээ бөгөөд магадгүй бүр ч илүү үнэтэй.” байх болно гэж онцолж хэлсэн

Талууд хурлын үеэр:

  • CITES-ийн хавсралтуудыг өөрчлөх саналыг хэлэлцэн,
  • Биологийн олон янз байдлын зүйлийн хамгааллын менежмент,
  • Хууль сахиулах хамтын ажиллагааг бэхжүүлэх,
  • CITES-ийн Стратегийн алсын хараа 2030-ыг хэрэгжүүлэх арга хэмжээ,
  • Далайн хэрэглээ өндөртэй зүйлүүдийн тогтвортой худалдааны асуудал,
  • Конвенцын тайлагналын тогтолцоо, үндэсний хууль тогтоомжийг сайжруулах,
  • Хамгаалалд сөргөөр нөлөөлж буй хууль эрх зүйн орчныг сайжруулах гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ.

Талуудын бага хуралд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням, ахлах мэргэжилтэн Ж.Мөнхдөш, CITES ШУЗ-ийн дарга доктор Б.Мөнхцог, WCS-Монгол дахь хөтөлбөрийн газрын Ахлах мэргэжилтэн Б.Хаш-Эрдэнэ нар оролцож байна.

Хурлын үеэр Монголыг талаас Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц (CITES)-ын Нарийн бичгийн дарга нарын газрын үндэсний хууль тогтоомжийн асуудал хариуцсан ажилтан Thomas DELEUIL-тэй уулзаж Монгол Улсын Ховордсон амьтан, ургамал тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн явцын талаар мэдээлэл өгч санал солилцлоо.

Мөн Байгаль зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Олон улсын бодлогын дэд ерөнхийлөгч Susan Liebermen, АНУ-ын Загас, зэрлэг амьтдын алба (U.S Fish and WildLife service)-ны захирал Brian R Nesvik болон албаны төлөөлөгчид, ОХУ-ын Улсын Экологи, байгаль орчны яам, Европын холбооны төлөөлөл, Казакстан Улсын Ойн аж ахуй, ан амьтны хорооны орлогч дарга Андрей Ким болон албаны хүмүүстэй уулзалт хийж татар бөхөн, монгол бөхөнгийн судалгаа, хамтын ажиллагаа, менежмент, дэвшилтэт технологи ашиглан бүртгэлжүүлж, тэмдэглэх, цахим бүртгэлийн системийн талаар мэдээлэл солилцож цаашид нэн ховор амьтны хамгаалалд хамтран ажиллах талаар санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН