БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Лео Зэн тэргүүтэй төлөөлөгчдийг 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзав.
Сайд Б.Батбаатар Австрали Улсаас Монгол орны усны нөөцийн менежмент, хариуцлагатай уул уурхай, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлд дэмжлэг үзүүлж ажилладагт талархал илэрхийлэн хоёр улсын байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд дараах асуудлаар санал солилцов:

Байгаль орчны нийтлэг сорилтуудыг даван туулахад харилцан туршлага солилцох, тэр дундаа ойн түймэр, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлэх
2025 оны 11 дүгээр сарын 10-21-ний өдрүүдэд Бразил Улсын Белем хотноо зохион байгуулагдах НҮБУАӨСК-ын Талуудын 30 дугаар бага хурлын бэлтгэл, хамтын оролцоо
Уур амьсгалын өөрчлөлтөөс нийгмийн эрүүл мэндэд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай байгалийн гамшигт үзэгдлийн менежмент, бэлэн байдлыг бэхжүүлэх хүрээнд хамтран ажиллах

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг угтсан дэмжлэг туслалцаа, хамтын ажиллагаа, газрын тогтвортой нөхөн сэргээлт, “Ус ба газар” сэдвээр хамтран ажиллах
Хариуцлагатай уул уурхай, нөхөн сэргээлтийн чадавхыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах, туршлага солилцох
Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах сургалт, солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх боломж
