Нүүр хуудасМэдээБОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Хуурай бүс нутгийн ой, хөдөө аж ахуй, бэлчээрийн тогтолцооны...

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар “Хуурай бүс нутгийн ой, хөдөө аж ахуй, бэлчээрийн тогтолцооны ажлын хэсгийн IV хурал”-ыг нээж, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO), Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран “Хуурай бүс нутгийн ой, хөдөө аж ахуй, бэлчээрийн тогтолцооны ажлын хэсгийн IV хурал” болон “Хуурай бүс нутгийн зуны сургалт” -ын өнөөдөр эхэллээ.

Энэхүү ажлын хэсгийн хуралдаан, зуны сургалтын үйл ажиллагаа БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар нээж, үг хэллээ.

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO) хамтран зохион байгуулж буй “Хуурай бүс нутгийн ой, хөдөө аж ахуй, бэлчээрийн тогтолцооны ажлын хэсгийн дөрөвдүгээр хуралдаан” болон “Хуурай бүс нутгийн зуны сургалт”-ын арга хэмжээнд хүрэлцэн ирсэн гадаад, дотоодын зочид төлөөлөгч Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс халуун дотно мэндчилгээ дэвшүүлж, чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Өдгөө бид бүхэн хуурай бүс нутгийн нөхцөл байдал, тэнд амьдарч буй олон сая хүний амьжиргаанд онцгой анхаарал хандуулах шаардлагатай чухал цаг үед амьдарч байна.

Монгол орны байгалийн нөхцөл нь уудам тал нутаг, бэлчээр, ойн экосистемээр тодорхойлогддог. Манай улсын газар нутгийн 75 хувиас дээш нь доройтолд өртөөд байгаа өнөөгийн нөхцөлд тус ажлын хэсгийн авч хэлэлцэж буй resilient land use буюу тэсвэртэй, тогтвортой газар ашиглалт, ой-бэлчээрийн нэгдсэн систем, орлого, амьжиргааны тогтвортой эх үүсвэр нь бидний үндэсний тэргүүлэх чиглэлтэй нягт уялдаж байна.

Монгол Улс дэлхийн хэмжээнд явуулж буй эдгээр хүчин чармайлтад идэвхтэй хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэе. Үүнд:

Ойн нөхөн сэргээлт, газрын доройтлыг бууруулах зорилготой “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн;

Олон улсын Бэлчээр, Нүүдэлчдийн жил (IYRP)-ийн хүрээнд тогтвортой бэлчээрийн бодлогыг дэмжих санаачилга;

Хөдөө аж ахуйн салбар дахь эмэгтэйчүүдийн үүргийг онцолж, 2025 оныг “Хөдөө аж ахуйн эмэгтэйчүүдийн жил” болгон зарласан бодлого;

2030 он гэхэд нийт газар нутгийн 30 хувийг хамгаалалтад хамруулах зорилт – дэлхийн байгаль хамгааллын зорилтуудтай уялдсан амлалт юм.

Энэхүү хуралдаан нь FAO-ны Хуурай бүс нутгийн санаачилга-ын дор ирээдүйн бүс нутгийн болон дэлхийн хамтын ажиллагааны суурийг тавьж буй онцлогтой. Түүнчлэн энэ хуралдаан нь Монгол Улс 2026 онд зохион байгуулах Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцийн Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) бэлтгэлийн нэг чухал үе шат болж байна. Ирэх оны COP17 бага хурлыг зохион байгуулах Монгол Улс энэхүү уулзалтыг хуурай бүс нутгийг сэргээх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой хүчтэй, хүртээмжтэй, хэрэгжилтэд чиглэсэн COP зохион байгуулах үндэс суурь гэж үзэж байна.

Энэхүү хуралдаан бол хуурай бүс нутгийн хүнс, хөдөө аж ахуйн тогтолцоог интеграцчилсан, ландшафтын түвшинд шинэчлэх, сэргээхэд чиглэсэн бидний хамтын хүчин чармайлтын нэг чухал алхам юм. Энэ нь агро-ойжуулалт, бэлчээрийн нөхөн сэргээлт, экосистемд суурилсан дасан зохицох арга хэмжээг өргөн хүрээнд хэрэгжүүлэх чухал боломжийг олгож байна.

Бодитой үр дүнд хүрэхийн тулд төр, эрдэм шинжилгээ, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийн хамтын ажиллагаанд суурилсан салбар хоорондын уялдаа холбоог нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. Энэ удаагийн хуралдааныг тохиолдуулан амжилттай хэрэгжиж буй хуурай бүс нутгийн ойн болон ландшафтын төслүүдийн туршлага, сургамжийг харилцан солилцож, олон талын үр дүнтэй түншлэлийг өргөжүүлж, шийдэлд чиглэсэн бодит ажлуудыг хэрэгжүүлэхийг та бүхэнд уриалж байна.

Төгсгөлд нь хэлэхэд, Монгол Улс уг ажлын хэсгийн зорилгыг чухалчлан онцлохын сацуу, хуурай бүс нутгийн тэсвэртэй, бүтээмжтэй, тогтвортой ирээдүйг бий болгох чиглэлээр бодлого боловсруулагчид, эрдэмтэд, ойн менежерүүд, малчид, хөгжлийн түншүүдтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа дахин илэрхийлье.

Хуралдаан амжилттай, урам зоригтой болохын ерөөл дэвшүүлж, та бүхэнд Монгол Улсад таатай, дурсамжтай өдрүүдийг өнгөрүүлэхийг хүсэн ерөөе” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН