Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.08.20/ хуралдаанаар “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.
УИХ-ын гишүүд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах салбарын сайдуудаас Монгол Улсын Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртэй холбогдуулан асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан хөдөө аж ахуйтай холбоотой гол гол асуудлуудын талаар гишүүд асууж тодруулсан. Тухайлбал, хамгаалагдсан аж ахуй, мал эмнэлгийн хорио цээр, эрүүл бүсүүдийг байгуулах, “Шинэ хоршоо хөдөлгөөн”-тэй холбоотой асуудлуудыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт хэрхэн тусгасныг лавлаж байв. Түүнчлэн монгол малын махыг дэлхийд экспортлох боломжийг нэмэгдүүлэх, мал эмнэлэг, лабораториудын чанарыг сайжруулах талаар ямар ажил хийх, өвөлжилтийн бэлтгэл ямар шатанд яваа талаар асуусан.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Хөдөө аж ахуйн салбарын өмнөө тавьж байгаа томоохон зорилт бол “Монгол мах” брэндийг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд гаргах. Үүнийг хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт нэлээн суурьтай тусгасан гэлээ.
Тэрбээр, Хамгийн түрүүнд мал эмнэлгээс асуудлаа эхэлнэ. Мал эмнэлгийн чанар үйлчилгээг сайжруулах хүрээнд таван бүсийг мал эмнэлгийн эрүүл бүс болгох, улмаар бусад бүс нутгаас бэлтгэгдсэн мал нь энэхүү хамгаалагдсан бүс, хамгаалагдсан аж ахуйн нэгжээр дамжин эрүүл ахуй, мал эмнэлгийнхээ бүх шаардлага үйлчилгээг хангаад улмаар махыг нь экспортод гаргах зохион байгуулалтыг хийнэ. Бидэнд яаралтай Биокомбинатаа шинэчлэх шаардлага үүсэж байгаа. Малын эм бэлдмэл, вакцины үйлдвэрлэлийг дотооддоо бүрэн хийх зорилт тавьсан. Мал, мах экспортлохын тулд тэжээлийн баазыг улс орны хэмжээнд өргөтгөх шаардлага бас байгаа. Бүсчилсэн тэжээлийн аж ахуйнуудыг бий болгох, газар тариалангийн бүс нутаг дахь таримлын сэлгээнд тарих тэжээлийн ургамлуудын нэр төрлийг олшруулах, үйлдвэрүүдийг итгэмжлэх асуудлыг эрчимтэй хийж байна. Хамгийн сүүлд махны нядалгааны гол үйлдвэрүүдэд халал стандартыг нэвтрүүлээд Арабын болон Төв Азийн орнууд руу гаргах хөнгөлөлттэй, хязгааргүй нөхцөлтэй гаргах боломжийг бий болголоо.
Түүхэнд анх удаа 2023 онд 380-аад сая ам.долларын мах экспортолсон. Нийтдээ хөдөө аж ахуйн салбарт ноос, ноолуур, арьс шир, мах ороод 1.960 сая ам.долларын экспорт хийгээд байгаа. Бид экспортыг гурван тэрбум ам.долларт хүргэх зорилт тавьсан. Ингэхийн тулд эхлээд малын эрүүл мэндийн асуудалд анхаарч, лабораториудын, мал эмнэлгийн, Био комбинатын чадавхыг нэмэгдүүлж, бодлогоор хамгаалагдсан бүс нутгийг, аж ахуйн нэгжүүдийг бий болгох юм. Хөдөө аж ахуйн “Шинэ хоршоо” хөдөлгөөн бол махны салбарыг дэмжих бодлогын хүрээнд хийгдэж байгаа ажил. Малчдаа хоршоолуулаад анхан шатаас нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлийг үйлдвэрлэлтэй нь, хөдөө аж ахуйн биржтэй холбох ажлуудыг хийхээр бэлтгэж байна. “Шинэ хоршоо” хөдөлгөөн улс орны хэмжээнд маш идэвхтэй өрнөж байна. Энэ жил 500 тэрбум төгрөгийн эх үүсвэр тавигдсан бөгөөд энэ мөнгө бүрэн хоршоодод очсон. Малчдынхаа ид хоршиж байгаа идэвхийг дэмжин, жалгын нэг тарсан биш хоршсон аж ахуйн нэгжийн хэлбэрээр зохион байгуулалтыг нь хангана. Тэдгээр хоршоодыг түүхий эд бэлтгэл, хөдөө аж ахуйн биржтэй нь холбох, үйлдвэрлэлтэй нь холбох, мал сүргийг эрүүлжүүлэх, бэлчээр хадлангаа бэлтгэх олон үе шатыг эрчимжүүлээд явах бололцоо бий. Өнөөдрийн байдлаар бүгд БНХАУ руу Замын-Үүд боомтоор амьд малын экспорт хийж байгаа. Мөн баруун тал, зүүн талдаа шинэ гарц гарахаар төлөвлөж байна. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай манай улс 2 талын гэрээ хийх асуудал үндсэндээ шийдэгдсэн. Ингэснээр бид Төв Ази болон ОХУ-ын зах зээлд Монгол Улсын хөдөө аж ахуйн гаралтай 345 нэр төрлийн барааг татваргүй, гаалийн бага татвартай, тарифын хязгаарлалтгүйгээр нэвтрүүлэх бололцоотой болно. Энэ гэрээ амжилттай хийгдсэн нөхцөлд Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарт томоохон боломж, орон зай гарна.
Ер нь манай салбарын бодлого гурван багцад нэгтгэгдсэн. Малчдаа нэг том зохион байгуулалтад оруулж, “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнуулж, тариаланчид, ногоочдодоо зориулсан “Атрын 4 дүгээр аян”, үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор “Цагаан алт” хөтөлбөрийг боловсруулсан. Энэ гурван хөтөлбөрийн хүрээнд манай салбарын бодлого тодорхой болсон. Хийх ажлууд бодитой, холбогдох хуулиуд нь гарсан, эх үүсвэрүүд нь нэлээн сайн тавигдсан. Ирэх жилүүдэд хөдөө аж ахуйн салбар өрнүүн бүтээлтэй байхаар байгаа.
Өвөлжилтийн бэлтгэлийг хангах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн Засгийн газрын тогтоол гарч аймаг, орон нутаг, яам, агентлагуудад үүрэг даалгавар өгсөн. Өвөлжилтийн бэлтгэлээ уламжлалт байдлаараа хангаж байна. Энэ жилийн онцлог нь үр тарианы болц наашилсан. Цаг агаар эрт сэрүүсэх хандлага байна. Цаг уурын мэдээгээр өвөл хур тунадас их орох нь. Хангайн бүс нутагт гантай байсан, мал сүрэг авах ёстой тарга тэвээргээ авч чадаагүй байгаа. Иймд тэжээлийг эртхэн бэлтгэх, нөөцийг бүрдүүлэх ажлыг зохион байгуулна гэсэн хариулт өглөө.
Байнгын хороо тогтоолын төслийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг явуулсан талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Дараа нь Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.
Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт орсон нь Төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх нөхцөлийг бүрдүүлж, улс төрийн гурван намаас “ХУРДТАЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨХ ЗОРИГ” гэрээ байгуулж, эдийн засгийн суурийг тэлэх эрчим хүч, дэд бүтэц, аж үйлдвэржилтийн хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн нь Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1, 34.1.4-т заасан төсөвт тодотгол хийх шаардлагыг бий болгосон байна хэмээн Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулав.
Тэрбээр, Төрийн аудитын байгууллага нь Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан гэж дүгнэж байна хэмээсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа УИХ-ын гишүүнээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсан бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.
Мөн хуралдаанаар Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн зарим зүйл хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулав. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр боллоо