Тус хурлаар Хэнтий аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүд, салбарын бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангах, норм стандарт, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг мөрдүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх ажил, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлгүүд өрнөлөө.
Хурлын дараа төвийн захирал Т.Пүрэвхатан инженерүүдийн хамтаар Хэнтий аймагт хэрэгжиж буй бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрүүдийн явцтай танилцаж, үүрэг чиглэл өглөө.

Өнөөдрийн байдлаар Хэнтий аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 162 тэрбум төгрөгийн өртөг бүхий 27 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Үүнд:
Хэрлэн сумын гэр хорооллын инженерийн шугам сүлжээний багц 1, 2 ажлууд,
Залуучуудын сургалт, спорт хөгжлийн төв /Бор-Өндөр/,
Кэмбриджийн сургалттай олон улсын сургуулийн дотуур байр (300 ор) /Батноров сум, Бэрх тосгон/,

Сумын төвлөрсөн дулаан, цэвэр ус, ариутгах татуургын шугам сүлжээний их засвар /Бор-Өндөр/,
Чингис хотын бохир усны төв коллектор, өргөх станц, 17 км магистраль шугамын шинэчлэл зэрэг ажлууд багтаж байна. Чингис хотын өргөх станц, шугам сүлжээний ажил энэ жил ашиглалтад орсноор аймгийн төвийн гэр хорооллын айлууд цэвэр, аюулгүй инженерийн дэд бүтэцтэй холбогдох чухал ач холбогдолтой юм.
