Нүүр хуудасМэдээБХЯ: Зэвсэгт хүчний зарим ангиуд туулах чадвар сайтай техникүүдээр хангагдлаа

БХЯ: Зэвсэгт хүчний зарим ангиуд туулах чадвар сайтай техникүүдээр хангагдлаа

УИХ-ын гишүүн, ЗГ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 150-р ангид ажиллаж, Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлал (КАБЦК) болон зарим дугаар ангиудад үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зориулалт бүхий техник хэрэгслүүдийг гардуулан өглөө.

Батлан хамгаалах салбарын зэвсэглэл, техникийг шинэчлэх, сэргээн сайжруулах төрийн бодлогын хүрээнд 2025 онд туулах чадвар сайтай, тусгай тоноглолтой автотехникээр Зэвсэгт хүчнийг нөхөн хангаснаар техникийн бэлэн байдал 4.1 хувиар нэмэгдсэн юм.

Өнөөдрийн арга хэмжээний хүрээнд Зэвсэгт хүчний дугаар ангиудад UTV загварын бартаат замын техникүүдийг, Зэвсэгт хүчний 301 дүгээр ангид цэвэр усны болон туулах чадвар сайтай автотехникүүдийг тус тус хүлээлгэн өгөв.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ 2026 оныг салбарын хэмжээнд “Хүн төвтэй хөгжил-шинэчлэлт”-ийн жил болгон зарлаж байгааг дурдлаа. Тэрээр хэлсэн үгэндээ, “Бид эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлогыг хэрэгжүүлж, алба хаагчдын нийгмийн баталгааг хангах чиглэлд бодитой ажлуудыг эхлүүлсэн. Тухайлбал, энхийг сахиулах ажиллагааны томилолтын зардлыг нэмэгдүүлж, орон сууцны ипотекийн зээл болон урьдчилгаа төлбөрийн дэмжлэгийг үе шаттай олгож байна” хэмээн онцлов.

Цаашид Засгийн газраас 2026-2030 онд батлан хамгаалах салбарт Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (дрон) болон хиймэл оюун ухаанд суурилсан техник нэвтрүүлэх, кибер халдлагатай тэмцэх төвийг бэхжүүлэх, сумны үйлдвэрийн үйл ажиллагааг жигдрүүлж, дотоодын хэрэгцээг хангах, алба хаагчдыг албан тушаалын орон сууцаар хангах зэрэгт нийт 1.6 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөснийг танилцууллаа.

Арга хэмжээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба болон төрлийн цэргийн командлагч нар оролцлоо. Сайд Д.Батлут Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн үйл ажиллагаа, гадаад хэлний сургалтын явцтай танилцаж, ангийн “Алдрын тасалгаа”-нд хүндэтгэлийн тэмдэглэл үлдээн, анги нэгжид тулгамдаж буй зарим асуудалд шийдэл гаргаснаар үйл ажиллагаа өндөрлөв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН