Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны гуравдугаар цувраа 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр эх орноосоо мордлоо. ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга хурандаа Д.Мягмаржав нарын тус хэлтсийнхэн энхийг сахиулагч дайчин нөхдөдөө захиас даалгавраа хэлж, амжилт ерөөсөөр нисгэв. Хурандаа Д.Мягмаржав “Ажиллагааны газар оронд даргадаа дэмтэй, цэрэгтээ нөмөртэй, нөхдөдөө тустай яваарай. Дээд удирдлагын өгсөн үүрэг даалгаврыг ягштал сайхан биелүүл. Дэг журам, сахилга хариуцлагатай бай. Таны үйл хэргээс багийн хамт олны ажил, нэр хүнд шалтгаалж байдгийг бодож, үе үеийн энхийг сахиулагчдын бүтээсэн “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” хэмээх алдар нэрийг өндөрт өргөхийг онцгойлон захья” хэмээгээд хүн бүхэн эрүүл энх байхыг үүрэг болгоё гэв.
Энэ удаагийн цуврааг батальоны ахлагч, тэргүүн ахлагч О.Энхзол (326) ахлан ниссэн бөгөөд тэрээр энхийг сахиулах ажиллагааны туршлага арвин алба хаагч байна. Энхийг сахиулах ажиллагаанд 7 удаа үүрэг гүйцэтгэсэн ба хамгийн сүүлд 8 жилийн өмнө БНӨСУ-ыг зорьж байжээ.
Энхийг сахиулагчдын хамгийн залуу алба хаагч нь Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагч ахлах байлдагч Э.Гантогтох байв. Тэрээр 2022-2023 онд хугацаат цэргийн албаа хааж, 2023 онд Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн цэргийн гэрээт алба хаагчаар элссэн байна. Хоёрхон жилийн өмнө байлдагч цолтой гүйж явсан тэрээр энхийг сахиулах үйлсэд мордох гэж буйтай сэтгэгдэл өндөр буйгаа уламжилж, аав О.Эрдэнэбаяр, ээж Н.Гэрлээ нар нь Увс аймгийн Тариалан сумаас ирж, хүүдээ амжилт хүссэнийг ч баяртайгаар хэллээ.
Энэ удаагийн цэргийн багт байлдагчаас цэргийн сэтгүүлч болсон “Дуулга” телестудийн сурвалжлагч ахлах дэслэгч Б.Эрдэнэбат, “Соёмбо” сонины сурвалжлагч ахлах дэслэгч Ц.Энх-Оргил, ҮБХИС-ийн “Эрдэм” студийн дарга, дэслэгч О.Төртогтох зэрэг цэргийн мэргэжлийн сэтгүүлч нар багтсанаараа онцлог байна.
Ахмад Д.БОЛОР