Боловсролын сайд П.Наранбаяр Бүгд Найрамдах Финланд Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Микко Киннуненийг хүлээн авч уулзлаа. Ноён Микко Киннунен нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан юм.

Уулзалтаар талууд боловсролын салбар төдийгүй байгаль орчин, цахим хөгжил, худалдаа, эдийн засаг зэрэг бусад салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны талаар яриа өрнүүлж, улсын хөгжилд боловсрол, боловсон хүчин бол хамгийн чухал нөөц гэдэгт санал нэгдэв. Цаашид хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлж, бүх салбарт өргөжүүлэн хөгжүүлэхээ талууд харилцан илэрхийллээ.
Боловсролын яам, “Eduten” дижитал боловсролын компани хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд Финланд Улсын Турку их сургуулийн “Eduten” цахим платформыг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн сургалтын хөтөлбөрт нэвтрүүлсэн. Одоогийн байдлаар Монгол Улсын хэмжээнд бага боловсролын буюу 1-5 дугаар ангийн сурагчид энэхүү платформын тусламжтайгаар математикийн хичээлийг судалж байна. Монгол хүүхдүүд “Eduten” платформын хичээлийг өдөрт дунджаар 7 минут үздэг бөгөөд бодсон бодлогынхоо тоогоор дэлхийд толгой цохидог болохыг Боловсролын сайд П.Наранбаяр онцоллоо.

Эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Финландын Засгийн газар хоорондын комиссын Монголын талыг Боловсролын сайд, Финландын талыг тус улсын Гадаад хэргийн яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга хариуцдаг. Комиссын 14 дүгээр хуралдааныг 2022 онд Монгол Улсад амжилттай зохион байгуулсан бөгөөд 15 дугаар хуралдааныг 2026 онд Финланд Улсад зохион байгуулахаар төлөвлөж байна. Тус комиссын хуралдааны мөрөөр хоёр улс боловсрол, худалдаа, эдийн засаг, байгаль орчин, цахим хөгжил, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд, шинжлэх ухаан зэрэг олон салбарт чухал ач холбогдолтой арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлсэн билээ.