Нүүр хуудасЯрилцлагаБ.Отгонтөгс: Иргэд идэвхтэй, оролцоотой байна. Зөв байна

Б.Отгонтөгс: Иргэд идэвхтэй, оролцоотой байна. Зөв байна

Улс оронд тулгамдаж байгаа нийгэм, эдийн засгийн асуудлыг иргэдээс асууж тодорхойлох “Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шат амжилттай болж, өчигдөр (2023.02.02) дууслаа. Зөвлөлдөх санал асуулгыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий Зөвлөлдөх зөвлөлийн орлогч дарга, доктор Б.Отгонтөгс мэдээлэл цуглуулалтын үйл явцад хяналт тавих ажлаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт ажиллаад иржээ. Түүнтэй ярилцлаа.

-Сайн явж ирэв үү? Зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны ажилд та хяналт тавьж оролцлоо. Иргэд санал асуулгыг хэрхэн хүлээн авч, яаж хандаж байна вэ?

-Сайн явж ирлээ. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, орлогч даргын хувьд зөвлөлдөх санал асуулгын нэгдүгээр үе шатны санал асуулгын явц байдалд хяналт тавьж, хөдөө, орон нутгийн зарим нэгжид очиж хөндлөнгийн мониторинг хийлээ. Зөвлөлдөх зөвлөлийн дэргэд хяналтын комисс ажиллаж байгаа. Энэ хяналтын комиссын бүрэлдэхүүнд дандаа социологич, математикч, инженер, нийгмийн ухааны хүмүүс байгаа. Тус комисс бас санал асуулгын үйл явцыг давхар хянаж байна. Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймагт явагдаж байгаа санал асуулгын явцтай танилцаад явж байхад иргэд их сайхан хүлээж авч байна. “Та 1570 иргэний дотор сонгогдлоо, аймаг, сумаа төлөөлөх нь байна” гээд яваад ороход төр, засгаа дээдэлдэг, сонгуульд санал өгөхдөө хүртэл нэр төрийн хэрэг гэж үздэг тэр хүмүүс “Өө, тэгэлгүй яахав” гээд л ажил төрлөө зохицуулаад, маш сайхан хүлээн авч, саналаа ч бас их сайн өгч байна. Миний хяналт тавьж ажилласан судалгааны багийнхан малчин айлаар ч орлоо, бизнес эрхэлдэг айлаар ч орлоо. Өндөр настай хүмүүс ч таарсан. Үндэсний статистикийн хорооны судлаач нар асуултаа асууж, бид тэр асуулт асуух, хариулт авах үйл явцыг зүгээр л ажиглаж байгаа шүү дээ. Асуултуудаа зөв асууж байна уу, хариулт өгч байгаа хүнд ямар нэгэн хэлбэрээр нөлөөлөх зүйл хийж байна уу, санал асуулга ном журмынхаа дагуу, хуулийн дагуу явагдаж байна уу гэдгийг хянаад л явж байгаа юм. Хажуугаас нь юм ярьж болохгүй, намын харъяалал энэ тэрийг нь бүр ч асууж болохгүй. Зүгээр л хүмүүсийн яриа хөөрөөг сонсож яваа гэсэн үг шүү дээ. Ер нь санал асуулга маш сайн, зөв сайхан явагдаж байгааг хэлэх хэрэгтэй. Ингэж явахдаа хүмүүсийн ярьж, хөөрөхийг анхааралтай сонсож байлаа. Зөвлөлдөх санал асуулга эхлэхээс өмнө энэ ажилд хүмүүс их анхааралтай хандаж байсан байна. Олон нийтийн сүлжээгээр хүмүүсийн илэрхийлж байгаа үзэл бодол, байр суурийг бас их ажиглаж харсан байна. Цахим ертөнц гэж том талбар байна шүү дээ. Үүгээр хүмүүс одоогийн Үндсэн хуулийг халж хаяад шинэ Үндсэн хууль батлах гэж, ийм халхавчлах санал асуулга явуулж байна гэсэн зүйл бичсэн байна. “Тийм л юм явах юм болов уу гэж бодсон чинь тэс өөр, улс орны эдийн засаг, нийгмийн асуултууд асууж байгаа юм байна” гэж тэр настай хүн ярьж байсан.

-Үнэхээр энэ асуудалд хүмүүс их санаа зовж байх шиг байна. Үндсэн хуулийг шинээр батлах асуудлыг зөвлөлдөх санал асуулгын асуултанд оруулж, иргэдээс асууж шийдүүлэх гээд байна гэсэн олон нийтийн ойлголтод та ямар хариулт өгөх вэ?

-Шинээр Үндсэн хууль батлах энэ тэр гэх мэт асуулт зөвлөлдөх санал асуулгын асуултууд дотор байхгүй. Одоо мөрдөж байгаа 1992 оны Үндсэн хуулийнхаа талаар л асуулт оруулсан. Энэ удаагийн зөвлөлдөх санал асуулга Улсын Их Хурлын 2022 оны 80 дугаар тогтоолын дагуу явагдаж байгаа. Уг тогтоолд, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдээсээ санал асууж, зөвшилцөхөөр тусгасан. Түүнээс биш Үндсэн хуультай ямар ч хамаагүй. Залуучууд маш их бухимдаж, жагсаал цуглаан ч хийлээ шүү дээ. Энэ бухимдал хууль, эрх зүйн гэхээсээ илүү нийгэм, эийн засгийн асуудлуудтай холбоотой юм. Саяхан өрнөсөн цахим ертөнцөд үг хэлэх эрх чөлөөний асуудал байна, баялгийн сангийн хуваарилалт, 1072 хувьцааны өгөөжийн тухай асуудал байна. Энэ мэт олон асуудал байгаа. Зөвлөлдөх зөвлөл бүгдийг орхигдуулалгүй авч үзсэн. Зөвлөлдөх санал асуулга явуулах хүрээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал, чуулга уулзалт зэрэг арга хэмжээний үеэр хүмүүс маш их зүйлийг ярьсан. Жагсаал цуглаан хийж байсан залуучуудын төлөөлөл, төр засгийн хариуцлагатай ажил хийж байсан хүмүүс, Улсын Их Хуралд суудалгүй ч гэлээ идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг улс төрийн намуудын төлөөлөл, жирийн иргэд гээд олон хүн тал бүрийн санал бодол илэрхийлсэн. Тэдгээрийг Улсын Их Хурлын Тамгын газраас бидэнд нэгтгээд, ийм ийм хүмүүсийн санал ийм тийм давтамжтай ирсэн гээд гаргаж өгсөн. Дээрээс нь утсаар, цахимаар бас иргэд саналаа ирүүлсэн. Энэ хүмүүсийн дотор одоогийн Үндсэн хууль маань сайн ажиллахгүй байна, тиймээс шинэ Үндсэн хуультай болох ёстой гэсэн санал бодолтой сонгуулийн насны иргэд бас цөөнгүй байсан. Тиймээс ийм утга бүхий нэг асуултыг томъёолж зөвлөлдөх санал асуулгын асуултуудын дотор оруулсан байсан. Энэ нь нийгэмд асар том маргаан үүсгэсэн. Ингэж олон нийтээр асуудлыг хэлэлцэж, маргаан мэтгэлцээн үүсгэх нь зөв гэж бодож байгаа. Судлаачийн хувьд би үүнд тун их олзуурхсан. Юу вэ гэхээр, манай иргэд маш мундаг, хариуцлагатай байгаа нь үүнээс харагдаж байгаа юм. Ингээд нийгэмд өрнөсөн энэ маргаан мэтгэлцээний үр дүнд тэр асуулт зөвлөлдөх санал асуулгын асуултаас хасагдсан. Ер нь энэ удаагийн зөвлөлдөх санал асуулгын зорилго Үндсэн хуулийг өөрчлөх биш шүү дээ. 2017 онд яг Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулга явж байхад өнөөдрийнх шиг ийм хэмжээний маргаан мэтгэлцээн өрнөж байгаагүй. Тэгэхээр манай иргэд өнөөдөр маш идэвхтэй байна, оролцоотой болж байна, зөв байна гэж би олзуурхаж байгаа. Энэ бол төр засаг, эрх баригчдад маш том дохио болж байна.

-Иргэдийн дунд бас нэгэн эргэлзээ яваад байгаа нь түүврийн олонлогийн тухай асуудал. Өөрөөр хэлбэл, иргэд 1570 хүн Монгол Улсын нийт хүн амыг төлөөлж чадахгүй гэсэн байр суурьтай байна. Үүнд тайлбар өгнө үү.

-Зөвлөлдөх санал асуулгыг улсын хэмжээнд удирдан зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл хуулийн дагуу Үндэсний статистикийн хороотой хамтран ажиллаж байна. Үндэсний статистикийн хороо мэргэжлийн байгууллагын хувьд санал асуулгын түүврийн хэмжээ буюу оролцох хүмүүсийн тоог тогтоох, хоёр шатны санал асуулга авах ажлыг хариуцаж байгаа. Хуулиар оногдсон үүргийнхээ дагуу тус хороо санал асуулгад оролцогчдын тоог 1570 хүнээр тогтоосон. Энэ түүврийн хэмжээг иргэд бага байна, цөөн байна гэж шүүмжилж байгааг би нийгмийн сүлжээнээс уншиж байна. Тийм биш л дээ. Эдгээр хүмүүс Монгол Улсын нийт хүн ам буюу 3.5 сая хүнийг ч төлөөлөхгүй. Сонгуулийн насны, 18 нас хүрсэн буюу сонгуульд санал өгөх насанд хүрсэн хүмүүсийг төлөөлнө. Манай улсын ийм насны иргэдийн тоо 2.1 сая байгаа юм. Мөн энэ хүмүүсийн 300 мянга нь гадаадад амьдарч байгаа. Тэгэхээр үлдэж буй 1.8 сая хүнийг л санамсаргүй түүврээр сонгогдсон 1570 иргэн төлөөлнө гэсэн үг. Энэ бол түүврийн бус алдаа гарч магадгүй гэж болгоомжлон, нэмж авсан тоо. Яг тулгаж, мөргүүлж зоосон тоо биш. Амьдрал баян шүү дээ. Түүвэрт сонгогдчихсон хүн эмнэлэгт хэвтчихсэн байж болно. Эс бол өөр аймаг руу явчихсан байж болно. Ажил төрөл гарах, юу эс тохиолдохыг тэр гэх вэ. Санал асуулга маш богинохон хугацаанд явагдаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ 1570 хүн бол эх олонлог болох 1.8 сая хүнийг хангалттай төлөөлж чадна гэсэн үг. Нэг жишээ хэлье. Зөвлөлдөх санал асуулга зөвхөн Монголд явж байгаа зүйл биш шүү дээ. Дэлхийн олон оронд үүнийг хэрэглэдэг. Хамгийн сүүлд, хэдэн жилийн өмнө АНУ-д зөвлөлдөх санал асуулга болсон. Тухайн үед тус улсад сонгуулийн насны 168.0 сая хүн байсан. Энэ 168.0 сая хүнийг төлөөлүүлж 500 хүнээс л санал авч байсан. Өөрөөр хэлбэл 50 муж улсаас 10, 10 хүн л сонгосон гэсэн үг. Ингээд 500 хүнээр нийт сонгогчдыг төлөөлүүлэн 2000 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө АНУ-ын нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг эрэмбэлж ярьсан юм байна лээ. Тэгэхээр манай улсын 1.8 сая иргэнийг 1570 хүнээр төлөөлүүлэх нь хангалттай юм. Намайг АНУ-тай Монголыг зүйрлэлээ гэж хүмүүс шүүмжилж магадгүй. Статистикийн онол, арга зүй гэдэг зүйл Америкт хэрэглэж байна уу, Монголд хэрэглэж байна уу гэдгээс үл хамааран томъёогоороо л явна.

-Зөвлөлдөх санал асуулгын эхний үе шат өндөрлөлөө. Удахгүй дараагийн үе шатны санал асуулга болно. Энэ хоёр үе шатны санал асуулгын ялгаа, онцлог юу юм бэ?

-Санал асуулгын эхний шат үе шатны асуултуудын хамгийн сүүлд, та энэ зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь үе шатанд оролцох сонирхолтой байна уу гэсэн асуулт байгаа юм билээ. Миний мониторинг хийж, ажиглаж оролцсон санал асуулгад хамрагдаж байгаа хүмүүсийн зарим нь ажил төрөл амжихгүй байх гэх мэт хариулт өгч л байсан. Гэхдээ ихэнх нь оролцоно гэж шууд хариулж байгаа юм. Тэгээд би бодсон л доо, хоёрдугаар шатны санал асуулгад эхний шатны оролцогчдын 50-аас доошгүй хувийг сонгоно гэсэн хуулийн заалттай ч гэлээ хүмүүс ийм их идэвхтэй байгаа юм чинь 55, 60 хувийг нь оруулбал илүү сайн шүү дээ. Хоёр дахь шатанд сонгогдсон хүмүүс Улаанбаатар хотод ирээд 15, 15 хүнтэй жижиг бүлгүүдэд хуваагдаж өөр хоорондоо зөвлөлдөж ярилцах юм. Санал асуулгын асуултуудад хөндөгдсөн асуудлууд чинь ийм учиртай юм байна, тийм үр дагавартай юм байна гэж зөвлөлдөөд, тодорхойгүй асуудал гарвал мэргэжлийн хүмүүсээс асууж ярилцаад явах юм. Энэ эхний шатанд иргэдийн хариулж байгаа байдлыг харахад маш буурь суурьтай, голтой хариулж байна гэж дүгнэсэн. Зөвлөлдөх санал асуулгын нэг онцлог нь санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон яг тэр хүнээсээ л хариулт авна. Түүнээс биш мал ахуйдаа явчихсан, отор нүүдэл хийж байгаа гэх мэтээр эзгүй байгаа хүмүүс байна л даа. Тэдний оронд гэрийнх нь хэн нэгнээс ч юм уу, за яахав эхнэр, нөхөр нь юм байна, аав, ээж нь юм чинь гээд өөр хүнээс авчихаж болохгүй. Ямар ч ажилтай, хаана ч явж байлаа гэсэн тухайн хүнээсээ л авна. Нэг сайн юм нь одоо манай үүрэн холбоо хаа сайгүй сүлжээгээ оруулчихсан, холбоо харилцаа авахад амар болсон байна. Отрын газарт ч утасны сүлжээ барьж байна. Тэгэхээр санал асуулгын хариулагдахгүй байх буюу статистикийнхны ярьдгаар түүврийн бус алдаа гарах магадлал бараг байхгүй юм байна гэж харсан.

-Хүмүүс санал асуулгын хоёрдугаар шатанд оролцох сонирхолтой байгаа нь тэдний идэвх, хариуцлагыг харуулахын зэрэгцээ бас санаа зовних зүйл багагүй байгаа харуулж байх шиг?

-Хүмүүс зөвлөлдөх санал асуулгын асуултуудыг хараад ийм чухал, нарийн асуудлыг бүх ард түмнээсээ асуухгүй байсан юм уу гэж гайхаж байна лээ. Энэ бол тухайн асуудлуудад ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм. Бүх ард түмнээс асуувал референдум болчихно л доо. Тэгээд ч энэ зөвлөлдөх санал асуулгынх шиг ийм олон асуулт асуудаггүй. Цөөн, тодорхой асуултанд тийм, үгүй гэдэг ч юм уу товч тодорхой хариулт авах аргачлалаар референдумыг явуулдаг. Энэ зөвлөлдөх санал асуулга бол сонгуульд санал өгөх насанд хүрсэн хүмүүсээсээ түүвэрлэж, эхний үе шатанд нийгэм, эдийн засгийн эдгээр нарийн асуудлуудаар урьдчилсан мэдээлэл өгөхгүй, хөндлөнгийн нөлөөнд автуулахгүйгээр яг тухайн хүний хувийн бодол юу вэ гэдгийг асуугаад, дараа нь хоёрдугаар шатанд нөгөө хүмүүсээ авчирч асуултуудад хөндөгдсөн асуудар бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл өгч байгаад асуудаг онцлогтой. Мэдээллийг Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд өгөхгүй, тухайн сэдвээр тусгайлан судалгаа хийдэг эрдэмтэн, судлаач нар өгч, асуудлын эерэг тал нь юу юм, сөрөг тал нь юу юм гэдгийг нэг бүрчлэн ярина. Хоёрдугаар шатны санал асуулгад оролцохоор сонгогдсон хүмүүст урилга илгээхдээ холбогдох мэдээллийг нэгтгэсэн гарын авлагын хамт хүргүүлнэ. Энэ гарын авлага бэлтгэгдчихсэн байгаа. Маш ойлгомжтой, мэргэжлийн элдэв үг хэллэг, нэр томъёо байхгүй, энгийн иргэд уншаад ойлгохуйц хэл найруулгаар бичигдсэн байгаа. Энэ мэдээлэл, гарын авлагаа уншиж, тэнцвэртэй мэдээлэл авсан иргэд анх хариулахдаа мэдэхгүй байсан, мэдэхгүй гэж хариулсан асуултаа эргэж нухацтай харж, ул суурьтай хандана. Ингээд хоёр шатны санал асуулгынхаа дүнг Үндэсний статистикийн хороо нэгтгэн дүгнээд, энэ асуудлаар олон нийт ийм санаа бодолтой байна гэх мэтээр тодорхойлно. Зөвлөлдөх зөвлөл тэрхүү тодорхойлсон дүгнэлтийг авч хэлэлцээд, зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд танилцуулна.

-Зөвлөмжийн талаар бага зэрэг тодруулж тайлбарлахгүй юү? Үүнээр тухайн асуудлуудыг эцэслэн шийдчих гээд байна гэж харж, болгоомжилж байгаа хүмүүс олон байх шиг байна.

-Зөвлөлдөх зөвлөлийн зөвлөмжийг хүмүүс ямар нэгэн шийдвэр гэж ойлгоод байх шиг байгаа юм. 2017 онд батлагдсан “Зөвлөлдөх санал асуулгын тухай” хуульд хоёр шатны санал асуулга авсны дараа Зөвлөлдөх зөвлөлийн боловсруулж танилцуулсан зөвлөмжийг Улсын Их Хурал “харгалзан үзнэ” гэж заасан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр, ийм асуудлаар хуульд өөрчлөлт оруулах ёстой юм байна, энэ асуудал дээр болохоор тогтоол гаргахад болох юм байна, үүнийг нь эрчимжүүлэх учиртай юм байна гэх мэтээр цааш цаашдаа бодлого, шийдвэр гаргахдаа харгалзан үзээд явахыг хэлж байгаа юм. Зарим нь тийм ч ноцтой асуудал биш байна, ирэх жилүүдэд ийм, тийм юман дээр нь анхаараад, ингэж, тэгж шийдээд явахад болох юм байна гэх мэтчилэн харгалзаж үзнэ гэсэн үг. Зөвлөлдөх зөвлөл ч зөвлөмждөө асуудлуудыг тодорхой хэмжээнд эрэмбэлж танилцуулна. Ер нь цаашдаа Улсын Их Хурал зөвлөлдөх санал асуулгын мөрөөр маш их бүтээмжтэй, нухацтай, үр дүнтэй ажиллах шаардлагатай гэж би хувьдаа харж байгаа. Тэгээд эргэж иргэд, олон нийтдээ мэдээлэл өгөхгүй бол төр, засгийн үйл ажиллагааны тогтвортой байдалд ихээхэн сөргөөр нөлөөлж болзошгүй хэцүү нөхцөл байдал нийгэмд бий болчихсон байгааг бид хаа хаанаа ойлгох ёстой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН