Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагнал гардуулах ёслол өнөөдөр (2020.01.13) Төрийн ёслол хүндэтгэлийн их танхимд боллоо.
Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын Тамгын газрын удирдлагууд болон Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн гэр бүл, үр хүүхэд, шавь нар нь болон албаны бусад хүмүүс оролцов.
Ёслолын арга хэмжээний эхэнд Монгол Улсын Их Хурлын даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн “Б.Чимидийн нэрэмжит 2020 оны Монгол Улсын Их Хурлын шагналаар шагнах тухай” 07 тоот захирамжийг уншиж сонордуулав.
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын даргын 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 176 дугаар захирамжаар баталсан “Б.Чимидийн нэрэмжит шагнал олгох журам”-ын 2.6 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” бүтээлүүдийг туурвисан академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанааг төр нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимидийн нэрэмжит 2020 оны Монгол Улсын Их Хурлын шагналаар шагнахаар шийдвэрлэсэн байна.
Академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа нь ийнхүү Б.Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналыг хүртэж буй зургаа дахь эрдэмтэн боллоо.
Шагналын өргөмжлөлийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаад Б.Чимидийн нэрэмжит шагналыг гардуулж, баяр хүргэж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Их Хурал Үндсэн хууль батлагдсан энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Бяраагийн Чимидийн нэрэмжит Монгол Улсын Их Хурлын шагналыг олгодог уламжлалтай. Өнөөдөр энэ шагналыг зургаа дахь удаагаа хүртээж байна. Одоогоос 28 жилийн өмнө Ардын Их Хурал Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хуулийг баталсан. Энэ хуулиар манай оронд ардчилсан ёс, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, шинэ нийгэм байгуулах эрх зүйн үндсийг тогтоосон. Ардчилсан хэмээх тодотголтой шинэ Үндсэн хуулийн эхийг баригчаар Бяраагийн Чимид гуай ажиллаж, төр түмнийхээ өмнө түүхэн гавъяа байгуулсан.
Тиймээс түүний хөдөлмөр зүтгэл, алдар гавъяаг мөнхжүүлэх, түүнчлэн судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох ажиллагааг хөгжүүлэх, парламентат ёс, парламет судлал, Үндсэн хуулийн эрх зүй, үндэсний эрх зүйн тогтолцоог хөгжүүлэх чиглэлээр үнэ цэнэтэй томоохон бүтээл туурвисан эрдэмтэн, судлаачдыг хөхиүлэн дэмжихээр энэхүү нэрэмжит шагналыг Монгол Улсын Их Хурлаас бий болгосон. Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөлөөс 2020 оны шагналыг академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаад олгох шийдвэр гаргаад байна. Тэрбээр 44 жил хууль зүйн сургалт, эрдэм шинжилгээ, хууль зүйн практикын ажил эрхэлж, олон тооны шилдэг бүтээл туурвисан, Монгол Улсын Үндсэн хуулийг боловсруулахад гар бие оролцож, Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан, манай нэрт эрдэмтдийн нэг, төр нийгмийн зүтгэлтэн юм. Ж.Амарсанаагийн туурвисан “Ардчилсан эрх зүйт ёс”, “Монгол Улсын Үндсэн хуулийн товчоон”, “Үндсэн хуулийн эхийг баригч” бүтээлүүд Үндсэн хуульт ёсны үнэт зүйлийг бэхжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн судлалыг хөгжүүлэх, парламентат ёс, үндэсний эрх зүйн тогтолцоог төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа учраас энэхүү нэр хүндтэй шагналаар шагнаж байна. Танд баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, бүтээл туурвил, судалгааны ажилд өндөр амжилт хүсэн ерөөе” гэлээ.
Дараа нь академич, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Амарсанаа үг хэлэхдээ, “Нэр хүндтэй энэхүү шагналыг хүртээсэнд гүнээ талархаж байна. Юуны өмнө, Монгол Улсын Их Хурлын даргын дэргэдэх зөвлөл, Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танаа талархаж буйгаа хэлье. Түүнчлэн энэ танхимд хүрэлцэн ирсэн Б.Чимид багшийн гэр бүл, шавь нар, хамтран зүтгэж байсан Та бүгддээ баярлалаа. Би 1971 онд МУИС-ийн оюутан болоод анхны хичээлээ Б.Чимид багшаар заалгаж байв. Дараа нь багшийнхаа удирдлага дор, зөвлөмжөөр нь олон жил сургалт, эрдэм шинжилгээний ажлыг хийж иржээ. Сургалт, эрдэм шинжилгээ, бүтээл туурвил бүрд надад байнга зөвлөж, чиглүүлж ирсэн. Мөн төрийн болон эрдэм шинжилгээ, сургалтын, олон нийтийн байгууллагад хамтран ажиллаж тэр хүний үр өгөөж, ивээл хайрыг хүртэж ирсэн. Өнөөдөр ч гэсэн бараг 50 дахь жилдээ Б.Чимид багшийнхаа ивээл, хайрыг хүртэж байгаадаа маш их баяртай байна” гээд, Монголын ард түмэнд Үндсэн хууль батлагдсаны 28 жилийн ойн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Энэхүү нэр хүндтэй шагналыг өмнө нь Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Монгол Улсын гавьяат хуульч И.Дашням, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Д.Баярсайхан, академич Х.Нарангэрэл, профессор, хууль зүйн ухааны доктор Х.Сэлэнгэ нар тус тус хүртэж байв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.