Өнгөрсөн 24 цагийн байдлаар 1991 хүн халдвар авч, 19 хүн нас барсан гэж ЭМЯ-аас мэдээлсэн. Нийслэлийн иргэдийн вакцинд хамрагдах байдлыг авч үзвэл нэгдүгээр тунд хамрагдалт 74, бүрэн тунгийн хамрагдалт 73 хувьтай байна. Харин дархлаа сэргээх нэмэлт гуравдугаар тунд хамрагдах иргэдийн идэвх сул буюу нийслэлийн нийт хүн амын 11 хувь нь хамрагдаад байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 21-ээс дархлаа сэргээх нэмэлт тунгаар зорилтот бүлгийн иргэд болон эрүүл мэндийн салбарынхныг дархлаажуулж эхэлсэн. Харин энэ сарын 10-аас 18-аас дээш насны иргэдэд гуравдугаар тунг хийж эхэлсэн юм. Хэдийгээр нэмэлт тунд сайн дурын үндсэн дээр хамрагдах ч иргэдийн идэвх муу байгаа нь энэ талаар мэдлэг, мэдээлэл дутмаг байгаагийнх хэмээн үзэж байгааг албаныхан хэлж байна.
Иргэн та хоёр дахь тунд хамрагдаад 3 сар буюу 90 хоносон бол дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаж болох бөгөөд хэрвээ халдвар аваад эмчилгээ хийлгэсэн бол 2 сарын дараа тус тунд хамрагдаж болох юм байна.