-Эгч, ээ энэ багнаас чинь арай том байхгүй юу?
-Байгаа нь энэ л байна. Хэдэн настай хүүхдэд авах гэж байгаа вэ?
-15 настай эгчдээ өгөх гэсэн юм аа.
Энэ бол “Их тойруу”-гийн хажууд байрлалтай кофешоп. Амралтын өдрөөр бие даалтын ажил, чухал тайлан бичвэрээ бичихээр ирсэн залуус болон кофе уухаар ирсэн олон хүн цугладаг газар ч юм шиг. Кофешопийн ажилчид Lana Del Rey-ийн дуунуудыг сонсохоор шийджээ. Түүний цомгийг тавьж, дуу нь намуухан эгшиглэнэ. GenZ бидний хайртай дуучин гэхэд хэн ч үгүйсгэхгүй байх. Lana-г сонсож суух нь асар их тайвшралыг мэдрүүлэх шиг, дууны үгэнд ач холбогдол өгч сонсдог хүмүүст хамгийн их таалагддаг дуучин.
Эргээд харилцан яриандаа анхаарвал өнөө хоёр хүүхэд 10, 11 насны хүүхэд байлаа. Нэг нь нөгөөдөө энэ газарт дандаа компьютертой хүмүүс ирдэг юм байна гэж хэлэх нь хөөрхөн. Энэ кофешопод кофеноос гадна анхаарал татсан зүйл бол удахгүй болох “Halloween”-ий чимэглэлүүд зарж байсан юм. Тиймдээ ч хөл хөдөлгөөн их байна. Хүүхдэдээ хувцас, чимэглэл авч байгаа аав, ээж нар ч олон юм. Өнөө хоёр хүүхэд чимэглэл, алиалагчийн баг үзэнгээ алийг нь авах вэ? гэж ярилцахдаа хэдийнэ ширээн дээр байсан рубек шоог олж харжээ. Эвлүүлэн сууж байна. Аав ээжтэйгээ цуг ирж хувцас чимэглэл үзэж байгаа хүүхдүүдэд аймшгийн баярын нүүрний багууд анхаарлыг нь их татаж байгаа бололтой. Багаа зүүгээд утасны камерт харна. Ээж рүүгээ залгаж энийг авах уу яах вэ гэж аавтайгаа ирсэн хүүхдүүд асууна. Эхнэр нь утасны цаанаас л зөвлөөд байгаа бололтой наадахыг чинь ээж чинь авч болохгүй гэж байна л гэнэ.
Энэ сарын хамгийн сүүлийн өдөр “Аймшгийн баяр” буюу “Halloween”-ий баяр л даа. Монголд сүүлийн үед нэвтэрсэн ч хүүхэд багачуудын хамгийн дуртай баяруудын нэг хэдийнэ болжээ. Дэлгүүр, худалдааны төв, кофешоп, албан байгууллагууд ч үүнд их ач холбогдол өгнө. Жилийн ганц өдөр болдог энэ баярт шинэ жилийн баяр шиг л ач холбогдол өгөх нь олонтаа. Хүүхдүүдэд айл айлын хаалга тогшиж чихэр цуглуулах, нүүрээ янз янзаар будаж, дуртай уран зөгнөлт дүрдээ хувирах нь энэ баярын хамгийн гоё хэсэг нь байх. Өөр нэг талаас нь харвал нүүдэлчин ахуйгаасаа салж суурин бараадсан Монголчуудын хөршийн холбоог бага ч атугай сэргээж буй мэт. Нэгнээ танихгүй хүмүүс ч хоорондоо танилцаж, эргээд таарахдаа мэндийн зөрүүтэй болох байх. Сүүлийн үед зөвхөн хүүхдүүд тэмдэглэхээс илүү эцэг эхчүүд ч анхаарч амттай чихэр сонгох, хаалга үүдээ чимж, хаалга тогшиход төвөгшөөх нь багасчээ. Гадаадад бол эцэг эхчүүд харин ч хамгийн их ач холбогдол өгч тэмдэглэнэ шүү дээ. Угаасаа эртнээс тэмдэглэж ирсэн учраас уламжлалт заавал тэмдэглэдэг баяр нь болсон. Орчин үеийн “Аймшгийн баяр” 20-р зууны эхэн үед үүссэн гэж үздэг. Тус баярт хувцаслалт их чухал. Энэ өдөр аймшгийн сүнснүүд газар дээр гарч ирдэг учраас тэднээс айхгүйн тулд өөрсдөө ч уран зөгнөлт, аймшгийн дүрд хувирч айдсаа даван туулдаг ч гэж үздэг. Айдсаа хөгжилтэй байдлаар даван туулах баяр гэж хэлж болно.
Монголчуудын хувьд хэдий сүүлийн үед нэвтэрч байгаа ч эцэг эхчүүд ойлгож хүлээн авч байгаа харагдаж байна. Үүний хажуугаар ойлгохгүй уурлаж, уцаарлан хүлээн авах томчууд ч бий. Ганцхан өдөр гэрийн чинь хаалгыг тогших бяцхан мангаст чихэр тарааж өгөхөөс бүү татгалзаарай. Таны хувьд гэрт байгаа, таны магадгүй тоож ч иддэггүй, чихрийн тавганд хэдийнэ хатчихсан эсвэл хайлсан чихэр тэр хүүхдийн дуртай чихэр ч байж болно. Анх удаагаа мөнгөө цуглуулж авсан хослолоо өмсөөд явж байгаа анхны баяр нь ч байж болно шүү. Тэдгээр хүүхдүүд рүү бүү уцаарлаарай. Мөн эцэг эхчүүд бага насны хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж, чадвал цуг явж үгүй бол хотхоноосоо хол чихэр цуглуулахгүй байх тал дээр сануулж хэлээрэй. Мөн харанхуй шөнө болохоос өмнө өдрийн цагаар баярыг нь тэмдэглэж өгөхөд туслаарай. Хүүхэд бол дэлхий. Тэд таны хэдийнэ тоохоо больсон зүйлд хамгаас дуртай ч байж болно. Ганц л өдөр айдсаа даваад хүүхэдтэйгээ цуг баярлаарай, эсвэл сайхан баярлахад нь туслаарай.
Нийтэлсэн: К





