Нүүр хуудасНийтлэлГАЦСАН ИРГЭДЭЭ УЛАМ ГАЦААСААР БАЙХ УУ? АЛДААГАА ХУРДАН ЗАС -ХАРИМААР БАЙНА....

ГАЦСАН ИРГЭДЭЭ УЛАМ ГАЦААСААР БАЙХ УУ? АЛДААГАА ХУРДАН ЗАС -ХАРИМААР БАЙНА….

Монгол улсад коронавирусын халдвар дотооддоо эрчимтэй тархсанаас үүдэн хөл хориг улс орон даяар гэнэт тогтоосон. Үүнээс үүдэн Улаанбаатар хотод ирээд гацсан орон нутгийн иргэд нутаг буцах хүсэлтээ удаа дараа илэрхийлсээр байсан юм.

14 хоног хатуу хөл хорионд байлгасны эцэст орон нутгийн иргэдийг буцаах шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Угаас зохион байгуулж хийх л ёстой ажил, шийдэх л ёстой асуудал мөн.

Нийслэл хотоос 90 мянга орчим иргэн нутаг буцах хүсэлтээ гаргажээ. Ингээд орон нутагт буцах хүсэлтэй иргэдийг PCR шинжилгээ өгүүлж хариу нь сөрөг гарсан бол буцаах ажлыг 12 сарын 1-10-ны хооронд зохион байгуулахаар боллоо.

Гэтэл орон нутагт буцаах ажил эхнээсээ бөөн хэл ам, бухимдал, алдаа дутагдал, чирэгдэл дагуулав. Одоо хэр нутаг буцаж чадаагүй иргэд сошиал орчинд бухимдлаа илэрхийлж ажлыг эмх цэгцтэй зөв зохион байгуулж чаддаггүй шат шатны байгууллагуудын нүүр царай, төрийн албан хаагчдын дүр төрхийг илчилж байна. Ингээд хэдэн жишээн дээр нутаг буцах гэсэн иргэдэд тулгарсан бэрхшээл, асуудлыг хэлье.

1.    Шинжилгээ

Орон нутгийн иргэдээс PCR шинжилгээ авах ажил эхнээсээ хэл амтай эхэлсэн. Оочер дараалал, хүн хоорондын зай, халдвар хамгааллын дэглэм алдагдсан. Цахимаар бүртгэж цаг өгсөн боловч иргэдийн ачааллаас үүдэн бөөгнөрөл үүсч, иргэд олон цагаар өвлийн хүйтэнд дугаарлах, хөл гараа хайрах, товлосон цагтаа өгч чадахгүй хоцрох зэрэг чирэгдэл үүсэв. Мөн л зөв зохион байгуулалтын алдаа.

2.    119.мн сайт гацав

Иргэдийг 119.мн сайтаар бүртгэж шинжилгээний хариуг мөн тус сайтаар эргэж мэдээлэх ёстой байлаа. Гэтэл сайт ачааллаа дийлэхгүй гацаж, бүр хаагдав. Ингээд бүртгүүлж амжаагүй байсан иргэд хаана хандаж яаж бүртгүүлэхээ мэдэхгүй шинжилгээ өгч байгаа газар нь очиж цаггүй оочерлож дахин чирэгдэл үүсгэлээ. Улаанбаатар хотоос гарах хүсэлтэй иргэд 90 мянга байсан. 100 мянган хүний ачааллыг даах даацтай сайт, энэ зэргийг ачаалал үүснэ гэдгийг мөн тооцоолох л хэрэгтэй байлаа. Мөн л тооцоо судалгаа байхгүйн алдаа. Сайт хийсэн үнэ ханшийг энд ярисангүй.

3.    Шинжилгээний хариу шаардахгүй гаргана гэж толгой эргүүлэв .

119.мн сайт гацсан учраас иргэд шинжилгээ өгсөн бичгээ өгөөд товчоогоор гарч болно гэж мэдээлэв. Үүнээс үүдэн буруу ойлгосон иргэд автобусны билетээ захиалж товчооруу давхиад мөн л хоосон хаалга мөргөв. Зөвхөн 11 сарын 29,30, 12 сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийг гаргана гэсэн юм аа гээд мөн л тодорхой бус ойлгомжгүй мэдээлэл түгээж иргэдийг чирэгдүүлээд авлаа. Энэ мэт эргэж буцсан тодорхойгүй мэдээллээс болж автобусны билетээ захиалаад явж чадаагүй үлдсэн иргэд олон байна.  Хэн тэдний билетний мөнгийг эргүүлж өгөх вэ?

4. 48 цаг 10 хоног

PCR шинжилгээний хариу 48 цаг хүчинтэй. Иргэд энэ хугацаанд багтаж хотоос гарах ёстой гэж сандаргав. Энэ хугацаандаа багтаж гарах гэсэн иргэд мэдээж автобусандаа дугаарлах нь тодорхой. Гэтэл автобусны суудлын тоо хязгаартай. Азаар 48 цагт багтахгүй гэдгээ мэдээд 10 хоног болгож сунгасан ч тусыг олсонгүй. Шинжилгээнийхээ хариуг авч чадахгүй хүлээсээр байтал өнөө 10 хоног нь дуусч байна. Ингэж иргэд хөл хорионд  14 хоног, шинжилгээнийхээ хариуг хүлээж дахин 10 хоног хотод саатаж байна.

5.    Хариугаа хаанаас авах вэ?

119.mn сайт ажиллаж эхэлсэн. Иргэдийн мэдээллийг шивж оруулж байгаа гэсэн мэдээллийг ЭМЯ өгсөн боловч одоо хэр нь хариугаа авч чадаагүй олон иргэд байна. 119.мн сайтад регистрийн дугаараа хийхэд шинжилгээний хариу гараагүй байна, таны хариу системд бүртгэгдээгүй байна гэх мэдээллийг иргэдэд өгч байгаа юм. Хариулт хайсан иргэд лавлах утас 1800-0119 утасруу бүгд залгаж байна. Лавлах утасных нь ачаалал хэтэрсэн, утсаа авдаггүй, минут тутамд төлбөртэй. Хамгийн чухал нь хариу өгдөггүй. Азаар холбогдсон иргэд мэдээллээ тулгуулахад таны мэдээлэл бүртгэлгүй байна гэх. Бүртгэж аваад шинжилгээнд хамруулсан бүртгэл нь хаачив. Ингээд учир байдлаа хэлж дахин бүртгүүлнэ. 119 бид шинжилгээний хариуг эргэж мэдээлэх л үүрэгтэй. ХӨСҮТ-ээс шинжилгээний хариу ирэхгүй байгаа учраас бид мэдээллийг оруулаагүй байна гэсэн тайлбар өгөөд ХӨСҮТ-ээс асуу гэж өөр утас заана.  Ингэж иргэд шинжилгээний хариугаа авах гэж төрийн ажилтай муур хулгана болсоор байх уу?. ХӨСҮТ-ийн утаснууд бас л авахгүй, эсвэл холбогдохгүй…  

6.    Дахиад л алдаа… Билет захиалга

PCR шинжилгээний хариу Авто тээврийн газарт цахимаар очиж регисрын дугаар хийхэд баталгаажсан бол билет захиалах эрх үүсч байгаа. Гэтэл шинжилгээний хариу нь сөрөг гэж мсж ирсэн хариугаа авсан иргэд билетээ захиалах гэтэл Авто тээврийн сүлжээнд хариу баталгаажаагүй гэсэн шалтгаанаар дахин чирэгдэл. Лавлах нь утсаа авдаггүй гарсан алдаа дутагдлаа засдаггүй. Хоорондоо уялдаа холбоогүй ийм байдал алхам тутамд тулгарсаар иргэд аргаа барж байна.

Орон нутагт буцах гэж байгаа иргэдийн дунд хагацал үзсэн, өвдөж шаналсан, санхүүгийн хүндрэлтэй гээд хүндэтгэн үзэх шалтгаантай олон хүн бий. Эргэж буцсан тооцоогүй төрийн шийдвэр, уялдаа холбоо зохион байгуулалтгүй төрийн ажлын хариуцлагагүй байдлаас үүдсэн энэ олон чирэгдэл бухимдал, цаг хугацаанд хэн хариуцлага хүлээх вэ.

Төр шийдвэрээ гаргаж зохион байгуулалтаа хийж л байгаа бол тооцоо судалгаатай, зохион байгуулалттай, шуурхай, алдаа дутагдал гаргасан ч түүнийг засч залруулаад ажлаа явуулах ёстой. Гэтэл эргэж холбогдох бүх сувгаа хаачихаад бие биерүүгээ асуудлаа чихээд сууж байгаа ийм л бодит байдалтай байна.  

Үгээ дуусгаж арга ядсан иргэд хөл хорио хүйтэн дулааныг эс хайхран гарч жагсах дээрээ тултлаа бухимдаж байна даа эрхэм төр минь…  

119, УЛААНБААТАРТ ГАЦСАН ОРОН НУТГИЙН ИРГЭД ГРУППРҮҮ ОРЖ БУХИМДСАН ИРГЭДИЙНХЭЭ ҮГИЙГ СОНСООРОЙ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН