Гэр бүл, хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир Япон улсын Накашибэцү хотын Эдийн засгийн хэлтсийн дарга Кэйта Ито нарын төлөөлөгчидтэй /2025.07.29/ уулзлаа.
Накашибэцү хотын удирдлагууд манай улсын иргэдийг хөдөө аж ахуй, барилга, мэдээллийн технологи, асаргааны чиглэлээр ажиллаж, суралцан, эзэмшсэн ур чадвар, мэргэшлийн хүрээнд эх орондоо эргэн ирж ажиллахад дэмжихэд хамтран ажиллах хүсэлтэй байгааг илэрхийллээ.

Гэр бүл, хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэдний саналыг дэмжиж байгааг илэрхийлээд “Манай улсын залуус Япон улсын хөдөө аж ахуйн салбарт ажиллаж шинэ технологи, ур чадвар эзэмших, хөдөлмөрийн хандлага, төлөвшилд суралцах нь чухал ач холбогдолтой болох” талаар хэллээ.
Накашибэцү хотын үндсэн аж ахуй нь мал аж ахуй, сүү цагаан идээ боловсруулалт бөгөөд үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа технологийн дэвшил, сүүний чанар, тоо хэмжээгээрээ Япон улсдаа тэргүүлдэг байна.

Манай улс Япон улстай ур чадварын дадлагажигчийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичгийг 2017 онд, ур чадвартай ажиллах хүчний зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай санамж бичгийг 2019 онд тус тус байгуулсан.
Ур чадварын дадлагажигч, ур чадвартай ажилтан илгээх, хүлээн авах, улмаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллаж байна.
Накашибэцү хотод манай улсын 19 иргэн ажиллаж байгааг тус хотын Эдийн засгийн хэлтсийн дарга Кэйта Ито хэллээ.
