Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон Улсын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1992 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 37 дугаар чуулганаараа шийдвэрлэснээс хойш 33 жил болж байна. Энэ жил энэ өдрийг дэлхий нийтээрээ “Нийгмийн дэвшлийг түргэсгэхийн төлөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тэгш оролцуулсан нийгмийг төлөвшүүлье” (Fostering disability inclusive societies for advancing social progress) гэсэн уриан дор тэмдэглэж байна.

Үндэсний статистикийн хорооны 2024 оны мэдээгээр Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 107,904 хүн амьдарч байгаагаас Нийслэлд 32 хувь буюу 34,354, орон нутагт 68 хувь буюу 73,550 хүн амьдарч байна. Улсын хэмжээнд хөдөлмөрийн насны 89,594 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 18 хувь буюу 16,175 нь хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд харьяаллаар авч үзвэл Нийслэлд хөдөлмөр эрхэлж буй 4,526 хүн, орон нутагт 11,649 хүн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг эрчимжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэл, үйлчилгээг олон нийтэд таниулах, ажлын байранд зуучлах, үр дүнтэй ажиллаж байгаа төр, хувийн хэвшлийн байгууллагыг сурталчлах, иргэдэд хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын үйлчилгээг үзүүлэх зорилго бүхий UB-ABILITY EXPO-2025 арга хэмжээг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах Олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын нийт 300 гаруй хүн оролцлоо.
Арга хэмжээний үеэр:
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрийн бодлого, үйл ажиллагааг танилцуулах;
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучлах, шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг хүргэх;
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг таниулах, борлуулахад нь дэмжлэг үзүүлэх;
• Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй хүргэх ажлыг зохион байгууллаа.






