Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “YEP” төслийн нээлт боллоо.
Энэ төслийг БНСУ-ын засгийн газрын санхүүжилтээр Олон улсын хөдөлмөрийн байгууллага 2,6 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

YEP төсөл нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийж, хүний нөөцийн бодлого, бүтээмж, ажлын байрны менежментийг сайжруулах арга хэрэгслийг түгээн дэлгэрүүлэх зорилготой.
Монгол Улсад хөдөлмөрийн насны 2.4 сая хүн байгаагаас нэг сая гаруй нь 15-35 залуус байна. 2035 он гэхэд 2000 оноос хойш төрсөн залуус нийт ажиллах хүчний 43.0 хувийг эзлэх судалгаа гарчээ.

Шинэ мянганы залуус цагт баригдалгүй, хаанаас ч, хэзээ ч хийж болох гэр бүлдээ болон өөртөө цаг заваа зориулж чадах, уян хатан нөхцөлтэй, бие даан ажиллах боломжтой ажил мэргэжил, ажлын орчныг чухалд тооцдог болсон.
Мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, программ хангамж хөгжүүлэлт нь хүний нөөцөд ийнхүү нөлөөлөх болжээ. Тиймээс дэлхийн бүх улс хөдөлмөр эрхлэлтийн бодлогодоо өөрчлөлт оруулах шаардлагатай тулгараад байгаа.

Манай улс мөн хөдөлмөр эрхлэлтийн бодлогодоо шинэчлэл хийхээр зорьж байна. Энэ үед Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “YEP” төсөл хэрэгжихээр болж байгаа нь чухал ач холбогдолтой.
“YEP” төслийг ноос ноолуур болон зочлох үйлчилгээний салбарт туршин хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Учир нь эдгээр салбарууд манай улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж байна.
