УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнгөрөгч амралтын өдрүүдэд Баянхонгор аймгийн Заг, Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр, Бууцагаан сумдад ажиллаж, сумдын малчид, иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонслоо. Мөн Засгийн газрын бодлого шийдвэр, УИХ-аас батлагдсан хууль тогтоомжийн талаарх мэдээллийг өглөө.
УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Заг суманд ажиллах үеэр газар тариалан эрхэлж байгаа санаачилгыг дэмжиж, уламжлалт мэдлэгийг орчин үеийн технологитой хослуулахад төрийн бодлогоор тусална гэдгээ илэрхийллээ. Мөн багуудыг үүрэн холбооны сүлжээтэй болгох асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллахаар боллоо. Харин Гурванбулаг, Баянбулаг сумын иргэд эрүүл мэндийн төвийг шинэчлэх, өргөтгөх, арьс шир, ноос, ноолуур, хөөврийн жижиг, дунд үйлдвэртэй болох, спортын танхим, цэцэрлэг, хүүхэд залуусын чөлөөт цагаа зөв өнгөрөөх танхим, талбай байгуулах зэрэг саналыг сумын иргэд хэлсэн юм. Дээрх саналуудыг шат дараатай шийдвэрлэнэ гэв.
Хүрээмарал сумын хувьд энергийн төв гэгдэх Мандал хайрхныг түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой аж. Энэ чиглэлд нутгийн иргэдийн гаргаж буй санал, санаачилгыг бодлогын түвшинд дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна. Харин Бууцагаан сум бэлчээрийн доройтол, цөлжилт тулгамдсан асуудал болжээ. Говийн бүсийн онцлогоос шалтгаалан байгаль орчны нөхөн сэргээлт, мод үржүүлэг, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг орон нутгийн оролцоотой, урт хугацаанд хэрэгжүүлэх хэрэгцээ бий. Энэ хүрээнд сумын нэг иргэнийг Япон улсад мод үрслүүлэх, тарих, үржүүлэх туршлага судалж, сургахаар болсон байна.





