Олон нийтийн сүлжээнд aqua автомашины дугуйнд олсоо уяж, өндөр барилгын цонх угааж буй гурван залуугийн бичлэг цацагдсан. Уг бичлэгийг постолсон иргэн “Монгол хүний хөдөлмөрийн аюулгүй байдал орхигдож, эрдэнэт хүний амь нас хямдхан болох гэж, хань, үр хүүхдүүд, аав, ээжийнхээ төлөө өөрсдөдөө хайртай байцгаая” гэсэн байсан юм.
Дээрхи бичлэг дээр гарсан үйлдэл нь стандартын бус. Уг нь олон улсын стандартчиллын байгууллагаас олстой ажиллахад уналтаас хамгаалах хувийн хэрэслийн ISO 22846 цуврал стандартыг боловсруулан баталсан байдаг. Тодруулбал, ISO 22846-1 стандартад ажилбарын үндсэн зарчим, харин ISO 22846-2 стандартад үндсэн зарчмыг нарийвчлан задалж, өргөтгөж дэлгэрэнгүй тайлбарлаж оруулсан байдаг юм.
Харин Манай Улс 2021 онд Хөдөлмөрийн нөхцөл, аюулгүй ажиллагааны стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн Уналтаас хамгаалах хувийн хэрэгсэл, Олсонд ажиллах систем ажлын арга зүй MNS ISO 22846-2:2021 стандартыг баталж, үндэсний хэмжээнд мөрдөхөөр болгосон.
Энэ стандарт нь өндөрт ажиллахад олсоор нэвтрэх аргыг ашиглах зөвлөмж, зааварчилгааг агуулсан юм. Олс ашиглан ажиллах арга зүй гэдэг нь төлөвлөлт, менежментийн систем, удирдах болон боловсон хүчний үйл ажиллагааны ур чадвар, багийн зөв зохион байгуулалт, үүрэг хариуцлага, хяналт, багаж тоног төхөөрөмжийг зөв сонгох, ашиглах, арчлах талаарх зөвлөмж, аюулгүй үйл ажиллагааны тогтолцоог хэрхэн хэрэгжүүлэх талаар өргөжүүлэн оруулсан байдаг. Уг арга зүйн тогтолцооноос нэг л зүйл гажуудахад л аюулгүй ажиллах боломжгүй.
Үүнийг ажил олгогч, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, олсоор нэвтрэх ажлыг захиалагч, олсоор нэвтрэх холбоод ашиглахад зориулагдсан юм.
Уг стандартыг аж үйлдвэрийн салбарт олсны тусламжтай гүйцэтгэх ажилбарт байвал зохих чухал шалгуурыг тогтоосон. Кернмантл төрлийн синтетик материалаар хийсэн олс, болон түүнтэй хамтад нь ашигладаг бусад хэрэгслийн тусламжтай дээш авирах, дүүжлэгдэх, доош буух, ажилбарт тохирох ажлын байрлал авах зэрэг арга техникийг энэ стандартад тус тус дэлгэрэнгүй зааж өгсөн байдаг.
Иргэн бүр стандартын хэрэгжилтийг хангаж, энэ дагуу ажиллаж, бие биедээ шаардлага тавьж байснаар эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл бүрдэнэ. Иргэдийн хайрамжгүй үйлдэл нь бусдын болон өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг Стандарт, хэмжил зүйн газраас зөвлөж байна.
Бүх нийтээрээ стандартыг ойлгож, хэрэгжлүүлвэл аюулгүй аз жаргалтай амьдрах боломж бүрдэх юм.