Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын алба, Шүүх шинжилгээний ерөнхий газраас төрийн бус байгууллагуудтай хамтран “Архинд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь” сэдэвт сургалтыг өнөөдөр /2025-03-20/ зохион байгууллаа.

Сургалтын гол зорилго нь Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд донтох эмгэгтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд салбарын мэргэжилтнүүдийг чадавхжуулахад оршиж байна.

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн Ажлын албаны хэлтсийн дарга Б.Одмандах сургалтыг нээж, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилт, архидан согтуурахтай холбоотой гэмт хэргийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө.

Энэ удаагийн сургалтад архидан согтуурах эрсдэлт зан үйл, мансууруулах бодисын хор нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, тусламж, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Шүүх шинжилгээний ерөнхий газар, ШШГЕГ-ын харьяа газар нэгжүүд, Шүүх анагаах ухааны шинжилгээний газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх саатуулах төв, нийслэлийн 9 дүүргийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Баривчлах байр, Баривчлах төв зэрэг чиглэлийн 12 байгууллагын 50 гаруй алба хаагч хамрагдлаа.