Анх удаа салбарын хуулиа хүндэтгэн хүлээн авах “БОЛОВСРОЛЫН ШИНЭ СЭРГЭЛТ” ёслол боллоо. Дэлхийн хөгжлийн чиг хандлага мэдлэгийн эдийн засаг руу чиглэж, хүнээ хөгжүүлэх бодлогыг улс орнууд чухалчлах боллоо. Олон улстай хөл нийлүүлж, Монгол хүн мэдлэг, ур чадварыг эрх зүйн хувьд дэмжих, энэ салбарт зөөлөн дэд бүтцийг бүрдүүлэх цогц шинэчлэлтийг 21 жилийн дараа багц хуулиараа өөрчилж чадлаа.
БОЛОВСРОЛ бол хүн бүрт тэгш эрх, насан туршдаа сурах боломжийг бүрдүүлэх ёстой. Яг энэ агуулгаар БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ТАВАН ЦОГЦ РЕФОРМЫГ ЭХЛҮҮЛЖ ЧАДЛАА.
Эхний том шинэчлэл бол энэ салбарт өрсөлдөх, хөгжих боломжийг бүрдүүллээ. Чанар, гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлж эхэллээ. Ур чадвартай сайн багшийг бэлдэх, ажлын байран дээрээ хөгждөг байх багш, ажилтны нийгмийн асуудлыг шийдэх гарцыг хуулиар нээж өгсөн. Өнгөрсөн 7-р сарын 1-нээс эхлэн багшийн суурь цалин зэрэглэлээсээ хамаарч, 45-63 хувиар нэмэгдлээ.
Боловсролын багц хуульд, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хуулиуд багтаж байна.
Уул уурхайн эдийн засгаас мэдлэгийн эдийн засаг руу шилжих гол гарц бол БОЛОВСРОЛ. Монгол Улсын Боловсролын салбарын нийт хөрөнгө оруулалт ДНБ-ий 4,5 тэнцэж байгаа чамлалттай юм.
Энэ салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүнээ хөгжүүлэхэд өнөөдөр хүлээн авч байгаа Боловсролын багц хуулийг хэрэгжүүлэх, хүнээ хөгжүүлэх нь чухал юм.