ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Баярболд ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбоотой ямар зохион байгуулалтууд хийх талаар мэдээлэл өглөө.
Эрүүл мэнд болон Боловсролын сайдын хамтарсан тушаалаар 4-5 настай хүүхдийн бүлгийн анги дүүргэлт 20-25 хүүхэд хэтрүүлэхгүй, сургалтыг холимог буюу танхимын болон цахим хэлбэрээр зохион байгуулна. Дуу хөгжим болон биеийн тамирын хичээлийг хийхгүй байхаар заажээ.
ЕБС-д мөн ялгаагүй 20-25 хүүхэд хичээллүүлэх ба 5/9 зарчмаар буюу долоо хоногоор ээлжилж, сургалтын холимог хэлбэрээр явна.
Дельта хувилбарын тархац ихэсвэл хүүхдүүд 4/10 зарчмаар хичээллэнэ. Нэг ангийн нэг хүүхэд өвдсөн бол ангиараа зайгаар хичээллэнэ.
12-оос доош насны хүүхдүүд вакцинд хамрагдаагүй учир нэг ангид нэг хүүхэд өвчилбөл долоо хоног зайнаас, 12-оос дээш насны сурагчтай ангид гурван өвчлөл бүртгэгдвэл долоо хоног цахим хэлбэрт шилжинэ.
Сургууль, цэцэрлэгийн бүх хаалгыг бүрэн ашиглана, давхар хооронд бөөгнөрөл үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ. Тандалт судалгааны баг ажиллана. Эцэг эхчүүд хүүхдийн хувцас солих өрөөнд орохгүй.
Сургууль дээр байх хугацааг аль болох бага байлгахаар зохицуулна. Өвлийн улиралд цонх онгойлгох боломжгүй байдаг учир бүх сургууль, цэцэрлэгт механик агааржуулалтын системийн шалгаж, зөвлөмжийг хүргүүлсэн.
Сургуульд бүгд масктай байх ёстой бол одоогийн тушаалаар цэцэрлэгт багш масктай, хүүхэд маскгүй байна гэж заажээ.
Гэхдээ тархалт ихэсвэл хүүхдүүдийг маск зүүх ёстой хэмээн өөрчлөхийг үгүйсгэхгүй аргагүй гэж мэдэгдлээ.