Нүүр хуудасМэдээДНБ оны эхний хагаст өсөлттэй дүнтэй байна

ДНБ оны эхний хагаст өсөлттэй дүнтэй байна

Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) энэ оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 19.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.7 (16 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдлээ.

Мөн 2015 оны зэрэгцүүлэх үнээр 12.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 739 (6.3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2020 оны эхний хагас жилд 9 хувиар багассан бол 2021 оны эхний хагас жилд 6.3 хувиар нэмэгдсэн байна. Улирлын нөлөөллийг арилган тооцсон, ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 оны 2 дугаар улиралд өмнөх улирлынхаас 5.1 хувиар багасжээ.

ДНБ энэ оны эхний хагас жилд 6.3 хувиар нэмэгдсэний 2.7 пункт нь уул уурхай, олборлолтын, 1.4 пункт нь үйлчилгээний салбарт, 3 пункт нь бүтээгдэхүүний цэвэр татварт ногдож байна. ДНБ өнгөрсөн оны эхний хагас жилд 9 хувиар багассаны 4.6 пунктийг уул уурхай, олборлолтын, 4.1 пунктийг үйлчилгээний салбар хангажээ.

Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний хагас жилд 2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.6 хувиар багассан нь ДНБ-д 0.8 пунктээр сөрөг нөлөө үзүүллээ. Үүнд бойжуулсан төл өмнөх оны мөн үеийнхээс 12.7 хувиар багасаж, том малын зүй бус хорогдол 82.4 хувиар нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 оны эхний хагас жилд 1.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 24.3 хувиар нэмэгдлээ. Үүнд нүүрс олборлолт, металлын хүдэр олборлолт, газрын тос олборлолт нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний хагас жилд 1.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувиар багасахад барилгын салбарын нэмэгдэл өртөг 39.7 хувиар буурсан нь нөлөөлжээ.

Үйлчилгээний салбарын нийт нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) дээрх хугацаанд 5.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 165.2 (3 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

ДНБ (эцсийн ашиглалтын аргаар тооцсон) оны үнээр 2021 оны эхний хагас жилд 19.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн

үеийнхээс 2.4 (14.2 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. ДНБ-ий эцсийн хэрэглээнд 2021 оны эхний хагас жилд 67.4 хувь, хөрөнгийн нийт хуримтлалд 38.8 хувь, цэвэр экспортод -6.2 хувь нь зарцуулагдаж, өмнөх оны мөн үеийнхээс хөрөнгийн нийт хуримтлал 12.4 пунктээр нэмэгдэж, эцсийн хэрэглээ 15.3 пунктээр багасжээ.

ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр, эцсийн ашиглалтын аргаар тооцсон) мөн хугацаанд 12.6 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 730.8 (6.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Энэхүү 6.2 хувийн өсөлтийн 12.5 пункт нь хөрөнгийн нийт хуримтлалд, 2.3 пункт нь цэвэр экспортод, -8.7 пункт нь эцсийн хэрэглээнд ногдож байна. Эцсийн хэрэглээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 10.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс  нэг (8.9 хувь) их наяд төгрөгөөр багаслаа.

Өрхийн эцсийн хэрэглээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 8.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 845.7 (9.2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, ДНБ-д 7.1 пунктийн сөрөг нөлөө үзүүлэв.

Төрийн байгууллагын хэрэглээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 178.6 (7.7 хувь) тэрбум төгрөгөөр багасаж, ДНБ-д 1.5 пунктээр сөрөг нөлөөлжээ.

Хөрөнгийн нийт хуримтлал (2015 оны зэрэгцүүлэх үнээр) мөн хугацаанд урьдчилсан гүйцэтгэлээр 4.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (44.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэв. Үндсэн хөрөнгийн нийт хуримтлал (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 3.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 383 (12.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ.

Бараа, үйлчилгээний экспорт (2015 оны зэрэгцүүлэх үнээр) энэ оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр 5.8 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 715.9 (14 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдлээ. Бараа, үйлчилгээний импорт 8.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 438.9 (5.4 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдэв. Бараа, үйлчилгээний цэвэр экспорт (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2021 оны эхний хагас жилд урьдчилсан гүйцэтгэлээр (-2.7) их наяд төгрөг боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН