Нүүр хуудасМэдээТ.Мөнхсайханы санаачилсан 6 настай хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт 15 мянга орчим...

Т.Мөнхсайханы санаачилсан 6 настай хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт 15 мянга орчим хүүхэд хамрагджээ

Манай улсын хувьд нийт иргэдийн эрүүл мэндийн асуудал нэн тэргүүнд тавигдах салбар юм. Ялангуяа өвчлөлийн тэргүүлэх шалтгаан амьсгал, хоол боловсруулах, зүрх-судасны тогтолцооны өвчин болж эхний 3 байрыг эзэлж байна. Харин нас баралтын хувьд зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт сүүлийн 30 жилийн турш эхний байрыг эзэлсээр, жилд 5650 орчим иргэн зүрх судасны эмгэгийн улмаас нас барах болжээ.

Дэлхийн улс орнуудын туршлагаас харахад жил бүр 6 нас хүрч сургуульд элсэх үед нь тухайн насны бүх хүүхдийг эрүүл мэндийн цогц үзлэг, ялангуяа зүрхний эмгэг, гажгийг эрт илрүүлэх үзлэгт хамруулж хянадаг тогтолцоо бүрджээ. Харин Монгол улсын хувьд хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй хавдар, зүрх судасны өвчнийг бууруулах чиглэлээр олон жил үндэсний хөтөлбөр, стратеги хэрэгжүүлж байгаа ч уг эмгэгүүд тэргүүлэх шалтгаан болсон хэвээр тасралтгүй өссөөр байгаа нь одоогийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эрс өөрчлөх, шинэ менежмент бүхий үйл ажиллагаа шаардлагатайг харуулж байна.

Тиймээс Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайханы санаачилгаар 2021 оноос хойш өнөөдрийг хүртэл “6 настай хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, хяналт” төсөл хэрэгжиж байна. Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд ХУД болон Архангай, Увс, Орхон аймгийн 14,823 хүүхэд үзлэг, оношилгоонд хамрагдсанаас 14 төрлийн дан болон хавсарсан зүрхний эмгэг оношлогдож, зүрхний мэс засалд орох шаардлагатай 34 хүүхдэд мэс заслыг амжилттай хийжээ.

Судалгаагаар 6 настай хүүхдүүдийн 10 хувь нь зүрхний эмгэгтэй гэж оношлогдсон байна. Энэ судалгааны ажил өнөөдөр ХУД-ийн Нэгдсэн эмнэлэгт үргэлжилж зургаан настай хүүхдүүдэд зүрхний үзлэг, оношилгоо хийлээ. Өнөөдрийн үзлэгт 350 орчим хүүхэд хамрагдсан байна.

Эрүүл ирээдүйг бий болгох зорилгоор “6 настай хүүхдийн зүрхний эмгэгийн эрт илрүүлэг, хяналт” төслийг хэрэгжүүлэн, хүүхдүүдэд үзлэг оношилгоо хийж, зүрхний эмгэгийг эрт илрүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эмчилгээнд хамруулах, тасралтгүй хянах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэн бодлогын түвшинд анхаарч ажиллах болжээ.

Зүрх судасны эмгэгийн шалтгаант нас баралт 1950 онд нийт нас баралтын 7.1 хувь, 1985 онд 23.4 хувь, 1995 оноос 30.8 хувийг эзэлж байсан ба 2020 оны байдлаар 36.4 хувь хүрч жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь зүрхний эмгэгийн оношилгоо эмчилгээ, хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатайг харуулж байна. Зүрх судасны өвчний шалтгаант нас баралтын дийлэнх хувийг артерийн даралт ихсэлт, зүрхний шигдээс, тархины цус харвалт эзэлдэг. Жилд дундажаар 16.5 мянган хүн нас барж байгаагийн 61 хувь нь эрэгтэйчүүд, 39 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд шалтгаанаар авч үзвэл зүрх судасны тогтолцооны өвчин (34.2%), хавдар (24.3%), осол гэмтэл, гадны шалтгаан (16.9%) зонхилж байна.

Төслийн хүрээнд анхан шатны эрүүл мэндийн байгууллагын /өрх, сумдын ЭМТ/  болон аймаг, дүүргийн  дахь эрүүл мэндийн төвийн хүүхдийн эрүүл мэнд хариуцсан эмч, аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн эмч, ЭМГ-ын хүүхдийн мэргэжилтэнг оролцуулан тэдний ажлын байрны чиг үүргийн хүрээнд хийгддэг хүүхдийн үзлэг, илрүүлэгт тулгуурлан нэгдсэн аргачлал, удирдамжаар ханган ажиллаж байна. Мөн 6 настай хүүхдийн дийлэнх нь ЕБС, болон цэцэрлэгт байдгийг харгалзан холбогдох ЕБС –ийн захирал, удирдлага, сургуулийн эмчийг уг үйл ажиллагаанд татан оролцуулж ДЭМБ-ын санаачлага болсон “Эрүүл мэндийг дэмжигч сургууль”-ийн үндсэн зарчимд тулгуурлан анхан шатны ЭМБ болон ЕБС-ын хамтын оролцоог хангажээ. Түүнчлэн ӨЭМТ, СЭМТ-ийн эмч, ЕБС-ийн удирдлага, аймаг, дүүргийн НЭ, ЭМГ-ийн болон ЕБС-ийн удирдлагыг хамруулан тэдгээрийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх сургалт зохион байгуулж, нийт 104 эмч, ажилтанг хамруулжээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН