Дэлхий дахинд зүрх судасны өвчнөөр жилд 17.5 сая хүн нас бардаг гэсэн судалгаа байдаг. Харин манай улсад зүрх судасны өвчлөл нийт нас баралтын 34 гаруй хувийг эзлэх болж, жилдээ 5500 хүн нас бардаг гэсэн тоо бий. Тэгвэл өнөөдөр буюу 9 дүгээр сарын 29-ний дэлхийн зүрх судасны өдрийг тохиолдуулан мэргэжлийн эмч, сувилагч нар цахимаар зөвлөгөө өгч байна. Тодруулбал, УГТЭ-ийн дэргэдэх Зүрх судасны төв өнөөдөр 12:00-17:00 хүртэл мэдээлэл өгнө, сонирхсон иргэд “Зүрх Судасны төв” хуудсанд холбогдож мэргэжлийн эмч, сувилагч нараас зүрх судасны өвчлөл, асаргаа сувилгааны талаар зөвлөгөө мэдээлэл авч байна. Хүн амын дунд тогтмол эмнэлгийн үзлэг, оношлогоонд хамрагдалт бага, архи, тамхины хэрэглээ өндөр хэвээр байгаа нь энэ өвчний хүндрэх гол шалтгаан болдог. Үүнээс гадна амны хөндийд хуримтлагдсан бактери нэг шалтгаан нь болдог гэдгийг ч эмч мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Харин амьдралын зөв хэмнэл, зөв хооллолт, дасгал хөдлөгөөн үүсч болох эрсдлээс сэргийлэх арга юм . Сүүлийн 20 жилийн хугацаанд Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг нь “Зүрх судасны өвчин” болсон учир эрүүл мэндийн боловсролдоо анхаарч эмнэлгийн үзлэгт тогтмол хамрагдаж байя.