Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтээр хурдтай тархаж, цар тахлын түвшинд хүрээд буй өнөөгийн нөхцөлд глобал эдийн засаг, санхүүгийн зах зээлд томоохон өөрчлөлтүүд гарч байна. Өнгөрсөн сард “Фитч” агентлагаас дэлхийн эдийн засаг 2020 онд 3.2 хувиар агших төсөөлөл гаргасан нь өмнөх сарын төсөөллөөс 1.5 нэгж хувиар муудсан төсөөлөл юм.
“Oxford Economics” байгууллагаас дэлхийн эдийн засаг 2020 оны II улиралд хүчтэй унаж, оны сүүлийн хагасаас сэргэснээр 2020 онд 4.8 хувиар агших төсөөллийг шинэчлэн гаргажээ. Төсөөлөл өмнөх сарын төлвөөс муудахад АНУ, Европын өсөлтийн төлөв муудсан нь нөлөөлсөн байна. Улс орнуудын ДНБ-ий гүйцэтгэлээс харахад дэлхийн эдийн засаг 2020 оны эхний улиралд 3 хувиар агших төлөвтэй гэж тооцжээ.
Дэлхийн томоохон санхүүгийн байгууллага, олон улсын агентуудын дэлхийн эдийн засгийн өсөлтийн суурь төсөөллүүд
Дэлхийн банкнаас дэлxийн эдийн засаг 2020 онд 5 хүртэл хувиар агшина хэмээн төсөөлж байгаа ажээ. Тус байгууллагаас ядуу буурай орнуудад нийт 160 тэрбум ам.долларын буцалтгүй тусламж болон бага хүүтэй зээл олгохоор төлөвлөсөн байна.
ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель болон БНФУ-ын Ерөнхийлөгч Имануэль Макрон нар видео бага хурал хийж хэлэлцсэний үндсэн дээр 2 улсын Засгийн газар Европыг “Xөл хорионы их хямрал”-аас аврахын тулд 500 тэрбум еврогийн төсвийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Тус төсвийг цар тахалд хамгийн ихээр нэрвэгдсэн орнуудын эмзэг салбаруудыг дэмжихэд зарцуулахаар төлөвлөжээ. Төсвийн дэмжлэгийг бүсийн орнуудын нөхцөл байдлаас хамааран буцалтгүй тусламж хэлбэрээр олгохоор заасан байгаа ч, Европын Холбооны 27 гишүүн орны зарим удирдагчид санал зөрөлдөж, эргэн төлөгдөх зээлийн нөхцөлөөр олгох хэрэгтэй гэж үзэж байгаа аж.
Холбооны нөөцийн банк (ХНБ)-ны тэргүүн Жером Повелл АНУ-ын эдийн засаг сэргэхэд тодорхой хугацаа шаардлагатай боловч, дунд урт хугацааны төлөв өөдрөг байгааг онцлов. Тэрээр “Цар тахлын хоёр дахь давлагаа эхлэхээс сэргийлж чадвал энэ оны II хагасаас эдийн засаг сэргэж эхэлнэ. Бодлогын арга хэмжээ байгаа оновол ирэх оны эцэс гэхэд бүрэн сэргэнэ” гэж мэдэгдэв. Гэхдээ эдийн засгийн сэргэлт ямар хэлбэртэй байх, бизнес хэвийн үйл ажиллагаандаа эргэж орох эсэх нь вирусийг хэрхэн хяналтад оруулахаас хамаарах бөгөөд одоогоор тодорхой бус байдал өндөр байгааг дурдав. “Covid-19” эхлэх үед Америкийн эдийн засаг эрүүл, банкны тогтолцоо хэвийн байсныг онцлоод энэ удаагийн хүндрэл 1930-оны Их хямралтай харьцуулахад “суурь ялгаа ихтэй” гэдгийг онцлов.
- АНУ-ын Конгрессийн төсвийн алба (Congressional budget office)-наас тавдугаар сарын 19-ний өдөр Америкийн эдийн засаг II улиралд 38% агших төсөөллийг зарлав. Төсвийн алдагдал 2020 онд ДНБ-ий 11%-д хүрнэ гэсэн байна. Эдийн засаг оны II хагаст сэргэж эхэлнэ гэсэн таамаглалыг дэвшүүлжээ.
- ОУВС-гийн тэргүүн К.Георгиева дэлхийн эдийн засгийн төлвийг ОУВС дөрөвдүгээр сард хийсэн төсөөллөөсөө бууруулах эрсдэл өндөр байгааг онцлов. Хэдийгээр Азийн зарим орнуудад гүйцэтгэл хүлээлтээс өндөр байгаа хэдий ч, гол эдийн засгуудад хүчтэй хөл хорио хэрэгжиж, эдийн засгийн үзүүлэлтүүд хурдтай муудсан тул өсөлтийн төсөөллийг бууруулах эрсдэл нь давамгайлж байна.
- АНУ болон БНХАУ хоорондын худалдааны зөрчилдөөн ширүүсэх төлөвтэй боллоо. “Covid-19” вирусийн анхны тархалттай холбоотой хоёр талын маргаанаас гадна АНУ-ын Засгийн газар өнгөрсөн долоо хоногт Хятадын технологийн компаниуд болох Huawei, ZTE-д экспортын хориг тогтоож, Huawei компанийг АНУ-ын програм хангамжийг ашиглахыг хориглох шийдвэрийг гаргасан зэрэг нь нөхцөл байдал хурцдахад хүргээд байна. Түүнчлэн Covid-19-ийн гарал үүсэлтэй холбоотой маргаанд хариу үйлдэл болгон БНХАУ нь Австрали улсаас авах арвай зэрэг хүнсний бүтээгдэхүүний импортод татвар ногдуулснаар хоёр улсын хоорондын харилцаа мөн таагүй болоод байна.
- ОХУ-ын Засгийн газар тавдугаар сарын 20-нд төсвийн тэлэх багц бодлогоо санхүүжүүлэх зорилгоор 112 тэрбум рублийн Засгийн газрын бондыг арилжаалав. Энэ нь тус улсын хувьд нэг удаагийн арилжаагаар авсан хамгийн их хэмжээний өрийн түвшин юм. ОХУ-ын дөрөвдүгээр сарын төсвийн үзүүлэлтүүдэд суурилан тус эдийн засаг дөрөвдүгээр сард 25 хувиар агшсан, II улиралд 16 хувиар агших төлөвтэй гэж Блүүмбергийн эдийн засагчид тооцож байна.
- ХБНГУ-ын xөрөнгө оруулагчдын дунд явуулсан “The Zew”-ийн санал асуулгаар тус улсын эдийн засаг хөл хориогоо сулруулж, их хэмжээний төсвийн багц арга хэмжээ (ДНБ-ий 30 хувьтай тэнцэхүйц) авсны нөлөөгөөр 2020 оны II хагасаас эхлэн сэргэх хүлээлттэй байна. Бодит эдийн засгийн идэвхжилийг хэмжих үзүүлэлтүүд болох хурдны зам ашиглалтын төлбөр, цахилгааны хэрэглээ, олон нийтийн тээвэр хэрэглэгчдийн тоо, дэлгүүр, худалдааны төвүүдээр үйлчлүүлэгчдийн тоо зэргээс харахад хөл хориог сулруулсны дараагаас Германы эдийн засаг хурдтай сэргэх төлөв ажиглагдаж байна. “The Zew”-ийн эдийн засгийн хандлагын үзүүлэлт тавдугаар сард өмнөх сараас 22.8 нэгжээр буюу сүүлийн таван жилийн дээд хэмжээгээр өсч 51 болжээ.
- Италийн Засгийн газраас эдийн засгийг дэмжих 55 тэрбум еврогийн төсвийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Тус төсөвт хөл хорионы улмаас дампуурлын ирмэгт тулсан бизнесүүдийг эргэлтийн хөрөнгөөр хангах (үүнд компаниудад олгох шууд дэмжлэг бүхий 15 тэрбум евро), иргэдэд амьжиргааны мөнгөн тусламж үзүүлэх, ажилгүйдлийн тэтгэмж (25.6 тэрбум евро), эрүүл мэндийн салбарт нэмэлт тусламж (3.2 тэрбум евро) зэргийг хуваарилахаар тусгажээ. Италийн эдийн засгийн өсөлт 2020 онд 8 хувиар агшиж, төсвийн алдагдал ДНБ-ий 10.4 хувь, улсын өр ДНБ-ий 156 хувьтай тэнцүү байхаар төсөөлж байна.
- Япон улсын ДНБ I улиралд 3.4 хувиар агшлаа. Үүнд “Covid-19” цар тахлаас сэргийлж хөл хорио тогтоосноос үүдэн хэрэглээ буурч, гадаад эрэлт саарснаар экспорт багассан нь голлон нөлөөлжээ. НӨАТ нэмэгдсэн болон далайн хар салхины нөлөөгөөр Японы эдийн засаг өнгөрсөн оны IV улиралд 7.3 хувиар агшаад байсан юм. II улиралд уналт гүнзгийрч, эдийн засаг 21.5 хувиар агшина гэж эдийн засагчид таамаглаж байна.
Б.ЖАРГАЛ
Эх сурвалж: МОНГОЛБАНК