Нүүр хуудасМэдээЕвропын холбооны зөвлөхүүдийг хүлээн авч уулзлаа

Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр шүүхийн үйлчилгээг сайжруулах, олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд цахимжуулалт зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглээд Европын холбооны гишүүн улсууд туршлага солилцож, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийллээ. Мөн “Монгол Улсын Засгийн газраас цахим хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж байгаа энэ үед шүүхийн цахимжуулалт үр дүнд хүрнэ гэж найдаж байна” хэмээв. Эрүү, иргэн, захиргааны хэргийг хянан шийдвэрлэх үйл явц, эрх зүйн орчин ялгаатай. Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаанд шүүхийн цахимжуулалтыг нэвтрүүлэх чиглэлээр танхимууд тусгайлан туршлага судалж, хамтран ажиллахаа мөн илэрхийлсэн.

Эрх зүйн орчинг бүрдүүлж, зохион байгуулалт, үе шаттайгаар цахимжуулалтыг шүүхэд нэвтрүүлэхэд бусад улсын туршлага, хамтын ажиллагаа чухал ач холбогдолтойг Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг уулзалтын үеэр онцоллоо.

Шүүхийн цахимжилтын үйл ажиллагаанд Улсын дээд шүүх бодлого тодорхойлох, манлайлах чиг үүрэг онцгой чухал болохыг Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа дурдаад, өнөөгийн хууль эрх зүйн орчин, хөрөнгө нөөцийн боломждоо тулгуурлаад цахим шилжилтийг эхлүүлэх нь чухал, түүнчлэн шүүн таслах ажиллагаанд цахим технологийг хэрэглэх, энэ чиглэлээр шүүхийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хүсэл эрмэлзлэл, хандлага ихээхэн нөлөөтэй тул зөв хандлага, өөрчлөлт бий болоход зөвлөхүүдийн оролцоо, туршлагаа хуваалцаж байгаа нь ихээхэн нөлөөтэй болохыг  тэмдэглэв. Мөн нийт өрхийн 97 хувь нь үүрэн холбоонд холбогдож, 2022 онд 4.7 сая хүн интернэт хэрэглэж байгаа нь цахимжуулалтын суурь бүрдсэн үед ухаалаг зохион байгуулалтаар цахим шилжилт хийх нь шүүхээр үйлчлүүлэгчдэд ач холбогдолтойг дурдлаа. 

Уулзалтад Улсын дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны дарга Д.Тулга нар байлцав.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйзийг 2022 оны 1 дүгээр сард хүлээн авч уулзахдаа “Хиймэл оюуныг шүүхийн системд ашиглах болон холбогдох орчны талаарх Европын ёс зүйн тунхаг”-т заасан зөвлөмжийн дагуу хиймэл оюун ухааныг шүүхэд нэвтрүүлэх,  ил тод, нээлттэй байдлыг хангах хүрээнд шүүх хуралдааныг шууд нэвтрүүлэх дэд бүтцийг бий болгох болон шүүгчдийг сургах, судалгааны чиглэлээр хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн билээ. Улмаар хамтын ажиллагааны хүрээнд Европын холбооноос техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хөтөлбөр (TAIEX)-ийг хэрэгжүүлж, хөтөлбөрийн зөвлөхүүд Монгол Улсад хагас сар ажиллаж байна. Зөвлөхүүд хоёр өдөр Улсын дээд шүүхэд ажиллаж цахим системийг ашиглах, нээлттэй, ил тод байдлыг хангах, шүүгчдийг сургах, судалгааны ажилд шүүхийн шийдвэрийг ашиглах талаар Европын холбооны туршлагаас танилцуулж, мэдээлэл солилцох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН