Ардчилсан нам хоёр хуваагдаад удаж байгааг ард түмэн мэднэ. Тамга тэмдгээ удаан хугацаанд булаалцалдаад ирэхээр сүүлдээ хэн нь жинхэнэ тамга тэмдэгтэй АН гэдгийг ч ялгаж салгаж чадахаа больж байх шиг. Энэ дунд муу л бол хойд уулын хар овоохой гэдэг шиг С.Эрдэнэ их л чихээ халууцуулж ирлээ. Түүний дараагаар О.Цогтгэрэл даргатай АН ч дотроо их л юм болж байгаа сурагтай. Саяхан их хурлаа хийсэн С.Эрдэнэ даргатай АН Дээд шүүхэд хандаж Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт бүртгүүлэх тухай хүсэлтээ хүргүүлсэн бол О.Цогтгэрэл даргатай АН ирэх дөрөвдүгээр сарын 7-нд их хурлаа хийхээр товлоод байгаа. Түүнээс өмнө намын даргын сонгууль зохион байгуулагдахаар болж байх шиг байна. Харин намын даргын сонгуульд өрсөлдөгчдийг бүртгэх хуулийн хугацаа өчигдөр дууссан бол нэр дэвшихээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нар бүртгүүлээд байна.