Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдолтой “Онц байдал” зарлан тэмцэх асуудлаар өнгөрсөн оны сүүлээр буюу 12-р дугаар сарын 28-нд УИХ-ын даргад албан бичгээр санал хүргүүлсэн билээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хуралдаанд оролцож үг хэлсэн юм.
Төрийн тэргүүн хэлсэн үгэндээ:
“УИХ-ын гишүүдэд өдрийн мэнд хүргэе.
Агаарын бохирдол онц байдлын хэмжээний асуудал болоод байна. Үүнийг УИХ-аар хэлэлцүүлээч гэж саналаа өгсөн. Өнөөдөр хэлэлцэж байгаа ч, харамсалтай нь ирц их муу байна. Гишүүд дөрвөн жилээр сонгогдсон. Үүний нэг жил найман сар орчим нь өнгөрсөн байна.
Сонгогдсон гишүүд гэж иргэдийнхээ итгэлийг авсан хүмүүсийг хэлдэг. Харамсалтай нь бид жил бүр утааны тухай ярьж байна. 2017 оны нэгдүгээр сарын 10-нд ҮАБЗ хуралдаж, Нийслэлин Засаг дарга болон бусад яамдад тодорхой үүрэг чиглэл өгсөн байна. Одоогоос яг нэг жилийн өмнө гэсэн үг. Харамсалтай нь, тэр үүрэг чиглэлээс нэг нь ч биелээгүй байна. Тийм бол ҮАБЗ гэж байгаад яах юм, ҮАБЗ хурал хийгээд, зөвлөмж гаргаад яах юм. Жилийн өмнө гэхээр ҮАБЗ-ийн гурван гишүүний хоёр нь өөр хүмүүс байсан гэсэн үг. Өнөөдөр бид дахиад ҮАБЗ-ийг хуралдуулж, зөвлөмж гаргахаас санаа зовж байна. Хэрэв зөвлөмж нь хэрэгждэггүй юм бол ҮАБЗ-ийг хуралдуулж яадаг юм бэ?
Утаа бол Монгол оронд, бидэнд тулгараад байгаа гай, гамшиг. Үүнээс өөр гай, гамшиг бидэнд байхгүй. Үүнийгээ л шийдэх хэрэгтэй. Намайг 2004 онд анх УИХ-ын гишүүн болоход энэ тухай ярьж л байсан. Өнөөдөр 2018 онд бид утааны асуудлаа яриад л сууж байна.
Яагаад бид үүнийг шийдэж чадахгүй байна гэхээр, нэгдүгээрт сэтгэл зүрх байхгүй байна. Сэтгэл зүрх байхгүй учраас өнөөдөр бид ийм хэмжээнд хүрлээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан “соён гэгээрүүлэх юмнуудаа яриач ээ” гэж байна. Үнэхээр бухимдаад яриад байгаа юм. Харамсалтай нь, өнөөдөр Монгол Улсад соён гэгээрүүлэх тухай ярья гэхээр урлаг, спортын хэдэн залуус л байна. Өөр юм алга. Гэрэл гэгээтэй юм үнэхээр алга байна.
Ийм байдлаар бид цаашаа явах юм бол УИХ-ыг тараах тал дээр санаачилгатай ажиллахаас өөр арга алга. Бид сонгогдсон хүмүүс. Шийдэл гэдэг бол тодорхой. Өнөөдөр хот, хөдөөгийн амьдрал гэж хоёр хуваагдсан. Улаанбаатар хотыг хөгжүүлэх гээд ажиллахаар хөдөөгөөс наашаа нүүдэл эрс нэмэгддэг. Арга ядаад хотын захирагч нь журам гаргаж байна. Тэглээ гээд энэ нүүдэл зогсохгүй. Яах ёстой юм?
Хөдөөг хөгжүүлье гэж бид үе үеийн Их Хурал болгон дээр ярьдаг. Энэ журмын гуравдугаар заалтад байна. “Нийслэл болон төвлөрсөн суурин газрууд руу чиглэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг бууруулах зорилтын хүрээнд бүс, аймгийн төвүүдэд шинээр ажлын байр олноор бий болгох, бүс нутгийн зах зээлийг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, урамшуулал олгох…” гээд баахан юм байна. Яаж гэдэг нь чухал.
Өнөөдөр хөдөөнөөс сонгогдсон, бүр хэд хэдэн удаа сонгогдсон зөндөө гишүүн бий. Бүс нутгийн зах зээлийн орчныг сайжруулъя гэж нөгөө л ярьдаг юмаа ярьдаг. Бүс нутгийн зах зээлийг яаж сайжруулдаг юм? Яагаад үүнийг тодорхой зааж болдоггүй юм бэ?
Ё.Баатарбилэг гишүүн УИХ-ын гишүүдийг ахлаад утааны асуудлаар явж байгаа гэхээр би өчигдөр дуудаж уулзсан. Ийм, ийм асуудлаар ингэж шийдээрэй гэсэн. Төрийн ордонд гаргасан үзэсгэлэн худлаа шүү, тэндээс авах юм юу ч байхгүй. Дахиад л нөгөө шахаа орж ирж байгаа. Өнөөдөр бид утаагүй зуух, янз бүрийн шахаа, 147 тэрбум төгрөг, 100-гаад сая ам.долларын эзнийг хариуцлагатайгаар олж гаргаж ирээд, тодорхой шийтгэл өгөх хэрэгтэй.
Яагаад гэвэл, нэгдүгээрт, хариуцлага тооцдог байх ёстой. Хоёрдугаарт, дараа дараагийн ийм бизнесийг хийх юм бол хариуцлага тооцдог юм байна гэдгийг ойлгуулах ёстой. Өнөөдөр гэрийг дулаалах тухай яриад байгаа. Тийм юм байхгүй. 1.5-2 сая төгрөгөөр таван ханатай гэрийг дулаална гэж байна. Энэ мөнгө гэр хороололд амьдарч байгаа иргэдэд байхгүй. Байхгүй учраас энэ хүмүүс чинь ядуу байгаа юм. Сая Ж.Ганбаатар гишүүн, Б.Баттөмөр гишүүн, өөр хоёр, гурван гишүүн зөв яриад байна л даа. Энэ утааг ажилгүйдэл, ядууралтай нь хамт тэгэлнэ, өөр арга байхгүй ээ гэлээ. Бөхөөр бол дагуулж тонгорох гэдэг мэх байдаг, утааг дагуулж тонгоруулж шийдье.
Намайг 2008 онд Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд болоход ҮАБЗ хуралдаад, утаанаас яаж салгах вэ гэдэг асуудлаар санал гаргаад ир гэдэг үүрэг өгсөн. Яамныхаа ажилтнуудтай нийлж байгаад дагуул хотуудыг бий болгох юм байна, хөдөөг хөгжүүлэх юм байна гэдэг санал гаргасан.
Хөдөө гэдэг маань малчид. Малаас гаралтай түүхий эд буюу ноос, ноолуур, мах, зэрэг түүхий эдийг нь хөдөө аж ахуйн биржээр дамжуулж, экспортод гаргадаг байя. Малчдыг орлоготой байлгая, орлого нь тогтмол бөгөөд итгэлтэй байя гэж тэр үед үзсэн. Ингээд Хөдөө аж ахуйн сайд байхдаа биржийг эхлүүлсэн. Ингээд хэдхэн юмыг цогцоор харъя. Улаанбаатар хотоос 40 км зам буюу Богд уулаа тойрсон дагуул хотуудыг бий болгоё гэж дагуул хотуудын зургийг гаргасан. Ерөнхийдөө ТЭЗҮ-ийг нь хийсэн. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт танилцуулсан. Дагуул хотууд руу нүүдлээ зоригтойгоор эхлээч ээ.
Их сургуулиудаа, дотуур байраа, оюутнуудаа хотоос гаргая аа. Зарим яамдыг гаргая, Засаг захиргааны нэгжүүдээ гаргая, зарим урлаг, соёлын байгууллага, музей, бусад газруудаа гаргая. Ингээд шийдчих юм бол хөдөлгөөн хийгдэнэ. Хөдөлгөөн хийгдээд эхлэнгүүт хөдөөгийн нүүдэл эрс, огцом ихэснэ. Тэгэнгүүт хөдөөг орлогожуулах ажил руугаа оръё. Ахуйг нь өөрчилье. Сумдаа шинэчилье. Би Баянхонгор аймгийн хоёр сумыг шинээр барьсан. Ахуй өөрчлөгдөөд ирэнгүүт залуучууд тогтох нөхцөл бүрдэнэ. Тэгэнгүүт орлого дээр нь анхааръя гэж байгаа юм. Ингээд шийдчих ёстой.
Энэ шийдлийг одоо хийхгүй юм бол дөрөвдүгээр сард газар гэснэ. Газар гэсэхэд олон хөдөлгүүрүүдээ хөдөлгөөнд оруулъя. Газар шорооны ажил эхэлье. Ажилгүй байгаа иргэдээ ажилд оруулахын тулд сонирхлыг хөдөлгөе. Сонирхлыг хөдөлгөхийн тулд мэргэжлийн сургалтын төвөө ажилд оруулъя. Мэргэжлийн сургалтын төвөө насаар нь ангилаад, ажлын дөртэй болгоод, ажил руу, хөтөлбөр рүү шахаж оруулъя. Ажлын дөртэй болоогүй байж, “Чи ажил хийж чаддаггүй, ажил хийх сонирхолгүй” гээд ажлаас халдаг. Ингээд тэдний оронд гадаадын ажилчид орж ирдэг.
Хөтөлбөрүүд гэж юу юм бэ гэхээр том, том төслүүд байгаа. Монголбанк яагаад байж байгаа юм бэ. Монголбанк алтаа өөртөө татая. Төгрөгөө чангаруулъя. Эдгээр нь бүгдээрээ салангид биш, цогц зүйл байгаа юм.
Түүнээс биш дулаалга, дулаан алддаггүй материал чинь орлоготой холбоотой. Дээр үед яагаад болоод байдаг байсан юм бэ гэхээр айлууд гэрээ дулаалчихдаг байсан юм. Ажилгүй иргэд байгаагүй.
Энэ хуралдаанд хотын захиргаанаас хүн байна уу? Гурван хүн ирсэн байна. Энэ хотод чинь гамшиг болчихоод байна шүү дээ. Энэ утааны асуудал хариуцсан гээд байгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй гээд байгаа хүмүүс буруу ярьж байна. Юу яасан генератор, дулаан алдуулдаггүй өрх, дэвсгэр вэ? Энэ чинь бүгд өртөгтэй. Үүнийг аваад тараалаа, улсын төсвөөс мөнгө гарна. Ингээд бизнес болгоод зарчихдаг. Тэгвэл ажилгүй, орлогогүй иргэдээ насаар нь ангилаад 18-25, 25-35 нас гээд гэр хорооллын иргэдийг өөрсдөөр нь орон сууц бариулах хөдөлгөөнд оруулж, зээлд хамруулъя.
Би Зам, тээвэр барилга хот байгуулалтын сайд байхдаа Яармаг хорооллыг Яармагийн ажилчдаар нь өөрсдөөр нь бариулаад, замынх нь урд Яармагийн хорооллыг цогцоор нь эхлүүлсэн. Тэнд орон сууц, сургууль, соёлын төв, цэцэрлэг, супермаркет байна. Гэвч, энэ төслийг эхлүүлсэн цагаас нь эхлээд зогсоосон. Тэнд ажилласан, төслийг санаачилсан захиралд нь 5,6 удаа эрүүгийн гэмт хэрэг үүсгэсэн. Яагаад тэгсэн бэ гэхээр нөгөө л шахдаг хүмүүсийн бизнес нь хумигдах гээд байхаар нь зогсоож байгаад, өөрсдийнхээ бизнесийг шахах гэж байна шүү дээ.
Энэ Засгийн газарт маш их итгэл хүлээлгэж байгаа. Энэ итгэлийг биелүүлж, утааны асуудал, ажилгүйдэл ядуурлаа эрс шийдэмгий шийдээч ээ. Миний яриад байгаа зүйлс бүгд судлагдчихсан, цаасан дээр байгаа. Энэ асуудлаар ойлгоцтой зарим сайд нартай би уулзаад, аялал жуулчлал ингэдэг, ядуурлаас ингэж гаргадаг, гэр хорооллыг ингэж орон сууцжуулж болно гээд ярьж байгаа. Эдгээр нь шийдэж болдоггүй асуудлууд биш. Сөрөг зүйлс мэдээж байгаа. Гэхдээ үүнийг даван туулах ёстой.
Өнөөдөр гэр хорооллын утаа 80 хувийг эзэлдэг гээд байхад л автомашины утааны хувь яриад яваад байх юм. Үнэхээр утааны асуудлаа шийдэж чадахгүй юм бол УИХ гэж байгаад ч хэрэггүй. УИХ өөрөө тараад дахин сонгууль явуулдаг юм уу, яадаг юм. Ийм арга зам руу орохоос аргагүй. Яах гэж сая Засгийн газраа огцруулж, сайд нараа сольсон юм. Иймэрхүү асуудлаа шийдэх гэж л сольсон гэж ойлгож байгаа. Тийм учраас утааг өнөөдөр “Онц байдал зарлах хэмжээнд болсон” гэдэг миний саналын дагуу асуудлыг хэлэлцэж байгаа гэж ойлгож байгаа. Өнөөдөр дорвитой шийдвэр гараасай.
Ё.Баатарбилэг гишүүнээс Засгийн газарт өгч байгаа тогтоолдоо өөрчлөлт оруулна уу гэж хүсмээр байна. Тогтоолд дурдсан бөөрөнхий заалтуудаа шийдэлтэй болго.
Хөдөө орон нутгийнханд хөнгөлөлттэй зээл өгнө гэж зөндөө ярьдаг. Тэр зээл нь юу юм. Жижиг дунд үйлдвэр суманд яаж хөгжих юм, хэцүү шүү дээ. Зах зээл нь хаана юм. Эдгээрээ шийдэлтэй болгомоор байна. Шийдэх гэж сая Засгийн газрыг огцруулсан байх. Шийд гэж 2016 онд та нарыг бий болгосон байх.
Хэрвээ, өнөөдөр утааны асуудлыг шийдэж чадахгүй бол цагаан сар болон цагаан сарын дараа асуудал хүндэрнэ. Их Хурлыг тараах тал дээр санаачилгатай ажиллахаас өөр арга алга. Үнэхээр утааны асуудал хэлэлцэж байгаа учраас орж ирж, хэдэн үг хэллээ. Баярлалаа” гэлээ.