Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам, Тэмээчдийн V зөвлөгөөнийг 2026 оны нэгдүгээр сарын 24-25-нд Дундговь аймгийн Мандалговь хотноо зохион байгуулах гэж байна.
Энэ нь монгол тэмээг сурталчлах, ашиг шимийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах, аялал жуулчлалыг тэмээн спорттой уялдуулан хөгжүүлэх, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм.
Наадмын үеэр дөрвөн насны хурдан тэмээний уралдаан, тэмээн харваа, тэмээн поло, тэмээн дээрээс шагай шүүрэх болон буйл зорох, бурантаг томох, эмнэг тэмээний туйлаан зэрэг буухиа тэмцээн зохиож, сайхан тэмээтэй ганган хос, шилмэл буур, ингэ шалгаруулна.
Мөн тэмээний сүү, цагаан идээ, ноос, арьсаар хийсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, өвлөн уламжлагчдын тусгай үзэсгэлэн гаргах юм.
Тэмээчдийн V зөвлөгөөнөөр “Тэмээн соёлыг хадгалах, хамгаалах бодлого, үйл ажиллагаа”, “Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийн нөлөө, бодлого, арга хэмжээ” болон аялал жуулчлалыг тэмээн соёлтой уялдуулан хөгжүүлэх зэрэг сэдвээр илтгэл хэлэлцэн зөвлөмж гаргана.
Өвлийн их наадам, тэмээчдийн зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Монголын тэмээн соёл, уралдааны холбоо, Монголын тэмээн поло спорт уралдаан, аяллын холбоо хамтран зохион байгуулна.
Өнгөрсөн жилийн тэмээчдийн баяр Дорноговь аймагт “Их говийн тэмээ-2025” нэртэйгээр болж байжээ. 2024 онд улсын хэмжээнд 480 мянган тэмээ тоолуулсан бол 2025 оны байдлаар 501 мянга болж өссөн байна.





