Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Увс аймагт ажиллахаар Улаангом хотноо хүрэлцэн ирлээ. Ерөнхийлөгчийг Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит талбайд аймгийн удирдлагууд, Улаангом цэргийн хүрээний хүндэт харуул угтаж авлаа.

Ерөнхийлөгч “Ойрад” хөгжимт драмын театрт ард иргэдтэй уулзан бодлого, үйл ажиллагааныхаа хэрэгжилт, санаачилсан хөтөлбөр, хууль, түүний дотор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төсөл, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар танилцууллаа.

“Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт”, “Илгээлт-2100” гээд хоорондоо нягт уялдаатай хөтөлбөрүүд улсын хэмжээнд амжилттай хэрэгжиж байгааг Ерөнхийлөгч хэллээ.
Үүнд Увс аймгийн удирдлага, төр, хувийн хэвшил, нийгмийн байгууллагын хамтын ажиллагаа, ард иргэдийн хүчин чармайлт, хичээл зүтгэл ихээхэн хувь нэмэр оруулж байгааг тэмдэглэлээ.

Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүд орон нутгийн хөгжил, иргэдийн боловсрол, эрүүл мэнд, ашиг орлого, аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал сайжрах, ажлын байр бий болох, байгаль орчноо хамгаалах зэрэгт томоохон хувь нэмэр оруулж байгааг аймгийн удирдлага хэллээ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаагаа уулзалтад ирсэн иргэд илэрхийллээ.

Увс аймгийн 140-өөд аж ахуйн нэгж “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлд хамрагдаж, хүчин чадлаа өргөтгөн, ажлын байр бий болгожээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт 2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 21 улсад 1,055 оюутан суралцаж байгаагийн 40 гаруй нь Увс аймгийнх юм.
Тэдний нэг болох О.Дээшинбаяр Энэтхэг Улсад мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж төгсөөд, одоо аймгийнхаа Эрүүл мэндийн газарт мэргэжлээрээ ажиллаж байна.

Увс аймаг бүтээн байгуулалтын хүрээнд 1 дүгээр сургууль, Нэгдсэн эмнэлэг, Төв цэвэрлэх байгууламжаа өртгөж, баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам, Увс нуур-Улаангом, Баруун тойруугийн хатуу хучилттай авто замаа шинэчилсэн байна.
Увс-Ховд аймаг чиглэлийн 163 км авто замын бүтээн байгуулалт эхэлсэн. Цаашид аймгийн төвийг 6 сумтай холбосон 164 км, Улаангом-Хандгайтын замаас Сагил сум чиглэлийн хатуу хучилттай авто зам, үр тариа хадгалах агуулах, Бөхмөрөн, Өндөрхангай сумын сургуулийн барилгын ажил эхэлнэ.

Увс аймаг хөдөө аж ахуй, аялал жуулчлал, хил орчмын худалдаа, сэргээгдэх эрчим хүчний салбараа улам хөгжүүлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхүү анхаарч байна.
Цаашид эдийн засгаа төрөлжүүлэх, мал аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал салбараа хөгжүүлж, иргэдийн орлого, амьжиргааг дээшлүүлнэ гэдгээ Засаг дарга Э.Насанбат хэллээ.
Мөн эдийн засгийн гол хөшүүрэг болсон мал аж ахуйгаа хөгжүүлэх, малын үүлдэр, угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч, Баяд үүлдрийн хонь, Өлгийн улаан ямаа, Тэс хэвшлийн адууг өсгөн үржүүлдэг.
Мөн жамц давс, чацаргана жимс зэрэг брэндээ дотоод, гадаадын зах зээлд тогтвортой нийлүүлж байна.
Увс аймгийн иргэд бүс нутаг төдийгүй улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, санаачлан хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр, ялангуяа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг дэмжиж байгаад Ерөнхийлөгч У.Ххүрэлсүх талархал илэрхийллээ.
Тэрбээр аймаг, орон нутгийн удирдлага, иргэдэд амжилт хүсэн, ололт, амжилтаа бататгаж, эвийг эрхэмлэж, зөвийг тэтгэн, улс Монголоо хөгжүүлэхийн төлөө хичээн зүтгэхийг уриаллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэдтэй уулзах үеэр 1 дүгээр сургуулийн захирал Гомбосүрэнгийн Цэрэндуламд Гавьяат багш, Тээврийн удирдах газрын ахмад ажилтан Санжийн Батбандид Гавьяат тээвэрчин, “Хөдөлмөрийн шим хоршоо”-ны үүсгэн байгуулагч, Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын ахмад ажилтан Баяны Төвсанаад Үйлчилгээний гавьяат ажилтан цол хүртээлээ. Мөн нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.





